Украины дайнд амь үрэгдсэн Орос цэргийн тоо 450 мянга давсан тухай мэдээллийг хакерууд ил болгожээ

Өнгөрсөн амралтын өдрөөр ОХУ-ын статистикийн албаны дотоод сүлжээ хакердуулж, 23 терабайт нууц мэдээлэл алдагдсан байна. Тэдгээрийн дотор 2022 онд эхэлсэн Украинд явуулж буй дайн, байлдааны ажиллагаанд амь үрэгдсэн ОХУ-ын цэргийн тоо 450 мянгад хүрснийг нотлох баримтууд мөн багтжээ. 
Хакерууд ОХУ-ын төрийн статистикийн албаны 'Хүн ам зүйн нууц сан'-аас дайн эхэлсэн 2022 оны 2-р сараас 2026 оны 8-р сар хүртэлх хугацаа дахь бүх төрлийн нас баралтыг багтаасан 11 сая гаруй гэрчилгээний датаг бүхэлд нь татаж авчээ. Цаашилбал уг мэдээллийн сангаас 'Цэргийн ажиллагаа', 'Буудалцаан', 'Дрон', 'Дэлбэрэлт' гэсэн тусгай кодоор тэмдэглэгдсэн цэргүүдийн нас баралтын бүртгэлийг шүүж үзэхэд дайны хохирол 450 мянга орчимд хүрсэн нь ил болжээ. 

Беларусын сөрөг хүчний "Cyberpartisans" болон Украины "Silent crow" хакерын бүлгүүд хамтран росстатын дотоод дэд бүтэц рүү нэвтэрч, 25 мянга орчим компьютероос хүн ам зүй, эдийн засаг болон дайны хохирлын нууц материалыг татан авчээ. ОХУ-ын төрийн статистикийн алба буюу Росстатын зүгээс 10-р сарын 29-өөс 11 дүгээр сарын 1-ний хооронд системүүд нь кибер халдлагад өртөж, зарим үйлчилгээ нь доголдсоныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ч, мэдээлэл алдагдсан гэдгийг үгүйсгэжээ. 

2022 онд дайн эхэлснээс хойш ОХУ-ын арми украины 73 мянга гаруй  квадрат километр нутаг дэвсгэрийг хяналтандаа авсан байна. Хакеруудын ил болгосон 450,000 гэсэн хохирлын тоо хэмжээтэй харьцуулахад Оросын арми хяналтандаа авсан 1 квадрат километр газар нутаг тутамд дунджаар 6 цэргийн амь насыг золиосолсон гэсэн тооцооллыг Блүүмберг агентлагаас танилцуулжээ.