УИХ ирэх оны улсын төсвийн зарлагыг 41.5 их наяд төгрөгөөр, орлогыг 39.2 их наяд төгрөгөөр баталлаа

11-р сарын 13-ны УИХ-ын чуулганаар 2027 оны улсын төсвийг 77.5 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ингэхдээ ЗГ-аас өргөн мэдүүлсэн төсвөөс 2 их наяд орчим төгрөгөөр бууруулж, зарлагыг 41.5 их наяд төгрөгөөр, орлогыг 39.2 их наяд төгрөгөөр батлаад байна. Ирэх оны төсөвт тэтгэвэр, тэтгэмж болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын албан татварын ачааллыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах зэрэг гол өөрчлөлтүүдийг уг хуулийн төсөлд тусгажээ. 

— 2027 оны 1-р сарын 1-ээс нийт 562 мянган ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлж, 430 мянган ахмад настанд сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгох юм байна. Харин төрийн албан хаагчдын цалинг ирэх оны 2-р улирлаас 10-20 хувиар нэмэгдүүлж байгаа бөгөөд үүнд 211 мянга гаруй албан хаагчийг хамруулахаар болжээ. 
— Ирэх онд боловсролын салбарт 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан байгаагаас 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Мөн хүүхдийн хоолны төсвийг нийт 194.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд 6, 7-р ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулахаар болсон байна.
— Харин эрүүл мэндийн салбарт 69 төсөлд 264.6 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд ахмад настан, зорилтот бүлгийн иргэдийн зарим төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөхөөр болоод байгаа бол
— Орон сууцын санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 16 мянган өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрт гадаад, дотоодын зах зээлээс 500 сая хүртэлх ам.долларын санхүүжилт татахаар уг хуулийн төсөлд тусгажээ.

2027 оны төсөв батлагдсантай холбоотойгоор ирэх 1-р сарын 1-ээс 562 мянган ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэн, төрийн албан хаагчдын цалинг 2-р улирлаас 10-20 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Мөн сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг ХХОАТ-аас чөлөөлөх юм байна. Харин бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор нөат төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгожээ. 

Түүнчлэн, боловсролын салбарт 928 тэрбум, эрүүл мэндийн салбарт 264.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Ингэхдээ сургуулийн үдийн хоолны хөтөлбөрт 6, 7-р ангийн сурагчдыг шинээр хамруулж, зорилтот бүлгийн иргэдийн зарим эмийг 100 хувь хөнгөлөх зохицуулалт тусгаад байна. Мөн орон сууцын санхүүжилтэд 1.8 их наяд төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж, 16 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

ЗГ-аас анх 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар өргөн мэдүүлсэн ч 2 орчим их наяд төгрөгөөр багасгаж зарлагыг 41.5 их наяд төгрөгөөр, орлогыг 39.2 их наяд төгрөгөөр батлаад байна. Энэ нь төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувьд барих зорилготой холбоотой юм байна. Үүний тулд хөрөнгө оруулалтын зарим төслийн санхүүжилтийг танаж, төрийн байгууллагуудын бусад урсгал зардлыг 6.5 хувиар бууруулжээ.