ХЭҮК-т энэ онд ирсэн 23 гомдлын 21 нь хууль бусаар цагдан хорьсон, 2 нь хууль бусаар баривчилсан тухай байжээ

УИХ-ын хүний эрхийн дэд хорооноос өнгөрсөн баасан гарагт баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2024, 2025 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэгвэл үүнд баривчлах үндэслэлийг нарийвчлан, өмгөөлөгч болон яллагдагч нотлох баримттай танилцах боломжийг бүрдүүлсэн заалт оруулсан ч хэрэгжилт хангалтгүй байгааг УИХ-ын зарим гишүүд шүүмжилжээ. 

УЕПГ-ын мэдээллээр 2026 оны эхний 3 улиралд 1231 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөн 388 хүнийг хойшлуулшгүйгээр, 66 хүнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан байна. Үүнээс хойшлуулшгүй баривчилсан 450 тохиолдлыг хянаж, 108-д нь суллах шийдвэр гаргаж, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах 148 саналыг хянаж, 20-ийг үндэслэлгүй гэж үзжээ. Харин ХЭҮК-т ирж буй гомдлын 27-30 хувь нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой байна. Тухайлбал энэ онд ирсэн 23 гомдлын 21 нь хууль бусаар цагдан хорьсон, 2 нь хууль бусаар баривчилсан тухай байжээ.

Хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгчдийн зүгээс цагдан хорих хугацааг 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалтыг нэг сарын хугацаагаар тогтмол хэрэглэдэг, баривчлах үндэслэлийг өмгөөлөгчид урьдчилан танилцуулдаггүй, хоригдсон иргэн өмгөөлөгчтэйгөө уулзахад хүндрэлтэй зэрэг зөрчлийг хөндлөө. Мөн гэм буруутай нь тогтоогдоогүй иргэнийг удаан хугацаагаар хорих, мөрдөгч, прокурор өмгөөлөгчгүйгээр хоригдож буй иргэнтэй уулзах зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн иргэний эрх чөлөөг хязгаарласан үеэс хоригдсон хугацааг тооцох, өмгөөлөгчтэй уулзах эрхийг баталгаажуулах, цагдан хорих боломжгүй өвчний жагсаалт гаргах, эмнэлгийн тусламжийн зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай гэсэн санал гаргаад байна. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсаныг мэдэгдэж, холбогдох байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээний талаар санал ирүүлэх чиглэл өглөө. Мөн ХЭҮК-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийлгэхээр болов.