Үе тэнгийнхний дээрэлхэлт ирээдүйн ажлын байрны тэгш бус байдалд нөлөөлдөг

Орчин үеийн боловсролын орчин болон өсвөр үеийнхний харилцаанд тулгамдаж буй ноцтой асуудлын нэг бол үе тэнгийнхний дээрэлхэлт юм. Нийгэм судлаачид болон олон улсын байгууллагуудын судалгаагаар үе тэнгийнхний дээрэлхэлт нь зөвхөн хүүхдүүд хоорондын хувийн зөрчил бус, мөн нийгэмд тогтсон жендерийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголт, эрх мэдлийн тэнцвэргүй харилцааны шууд тусгал болохыг анхааруулж байна. Үе тэнгийнхний дээрэлхэлт ирээдүйн ажлын байрны тэгш бус байдалд нөлөөлдөг гэж үзжээ.

Монгол улсад жендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого 1996 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2011 онд "Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай" бие даасан хууль батлагдсанаар эрх зүйн орчин бүрдсэн. Түүнээс хойш үндэсний болон салбарын хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн ч бодлогын түвшинд гарсан ахиц бодит амьдрал дээр бүрэн биеллээ олохгүй, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх, боломж ижил түвшинд хүрээгүй хэвээр байгааг судлаачид онцолж байна. Тухайлбал ажлын байр дахь жендерийн тэгш бус байдал нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин хөлсний зөрүүгээр хязгаарлагдахгүй. Энэ нь ажилд орох боломж, мэргэжил сонголт, албан тушаал ахих, удирдах түвшинд ажиллах нөхцөлөөр ч тод илэрч байна хэмээн тодотгосон юм. Насанд хүрэгчдийн хөдөлмөрийн зах зээл дээрх энэхүү тэгш бус байдал нь гэнэт үүсдэг үзэгдэл бус, харин хүүхэд, өсвөр наснаас буюу сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, жендерийн хэвшмэл ойлголтоос эхтэй болохыг олон улсын болон үндэсний судалгаанууд харуулж байна.

Боловсролын ерөнхий газар болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан судалгаагаар 12–18 насны 4264 сурагчийн 82.8 хувь нь ямар нэгэн хэлбэрээр үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Мөн цахим орчин дахь дарамт ч өндөр хувьтай байгаа бөгөөд нүб-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэдээллээр өсвөр үеийнхний 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртөж байжээ. Эдгээр дээрэлхэлтийн суурь шалтгааныг шинжлэхэд жендерийн хэвшмэл ойлголт голлох үүрэг гүйцэтгэдэг гэсэн судалгаа гарсан байна. Тухайлбал нийгэмд эрэгтэй хүүхдийг хүчирхэг байх ёстой, харин эмэгтэй хүүхдийг дуулгавартай байх ёстой мэтээр ханддаг уламжлалт ойлголт нь хүүхдүүдийн зан төлөвт шууд нөлөөлдөг байна. Энэхүү тогтсон хэм хэмжээг зөрчсөн буюу зөөлөн зантай, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болон илэрхийлдэггүй хөвгүүд, эсвэл охидууд үе тэнгийнхний зүгээс доог тохуу, ялгаварлан гадуурхалтад илүү их өртдөг байна. Мөн жендерийн ялгаатай байдлаас хамааран дээрэлхэлтийн хэлбэрүүд өөр өөрөөр илэрдэг. Тухайлбал судалгаанд дурдсанаар сурагчдын 62 хувь нь үг хэлээр доромжлуулах, 43.5 хувь нь цохиж зодуулах хэлбэрээр дээрэлхүүлсэн байдаг бөгөөд хөвгүүдийн дунд бие махбодын хүчирхийлэл давамгайлдаг бол охидын дунд нэр төрд халдах, цуурхал тараах, цахим орчинд гадаад төрхөөр нь гутаан доромжлох хэлбэр түгээмэл байна.