Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын тусгай элч Стив Виткофф болон Жаред Кушнер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремлийн ордонд уулзлаа. Тэд есөн сарын турш зогсонги байдалд байсан Орос, Украины энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
АНУ-ын тусгай элч нар тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг эцэслэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хоёр дипломатч Абу Даби хотод Орос, Украины техникийн түвшний хэлэлцээнд оролцсоныхоо дараа сөргөлдөгч хоёр орны удирдагчидтай биечлэн уулзаж байгаа нь энэ юм.
Кремлийн хэвлэлийн албанаас В.Путин болон АНУ-ын тусгай элч нарын уулзалтыг 'Үр дүнтэй, ажил хэрэгч' болсон хэмээн тодорхойлж, Зүүн Украины нэгэн хотод хамтарсан хүмүүнлэгийн ажиллагаа явуулах Путины саналыг Америкийн тал дэмжсэн гэж мэдээлжээ.
Гэвч ОХУ-ын удирдагч дайныг эцэслэх үндсэн шаардлагуудаасаа ухрахгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна. В.Путин ирээдүйд байгуулах энхийн хэлэлцээрт Украины зүүн болон өмнөд хэсгийн дөрвөн мужийг Оросын бүрэлдэхүүн хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөх, Украин улсыг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа гаргуулахыг шаардаж байгаа юм. Түүнчлэн тэрээр гал зогсоосны дараа Украинд Европын энхийг сахиулагчдыг байршуулах аливаа хувилбарыг Москва огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ийм алхам хийсэн тохиолдолд дайн ахин эхлэх болно гэдгийг хатуу анхааруулжээ.