Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ойрхи Дорнодод есөн сар гаруй хугацаанд үргэлжилж буй дайныг эцэслэхийн тулд Иран улстай энхийн хэлэлцээ хийх шаардлагагүй гэж мэдэгдлээ. Тэрээр энхийн хэлэлцээг ахалж байсан дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсийг уг ажлаас нь чөлөөлж, дотоодын авлига, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд анхаарлаа хандуулахыг үүрэг болгожээ.
Нэгдсэн улсын ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хэлэлцэх цаг хугацаа аль хэдийн өнгөрснийг онцоллоо. Тэрээр Ираны олон зуун тэрбум ам.долларын хөрөнгийг царцааж, стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойд хяналтаа тогтоосон тул шинэ гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзжээ.
Одоо бүх зүйл АНУ-ын Засгийн газрын хяналтанд байгаа тул Ирантай зууралдаж цаг үрэхийн оронд Ардчилсан намын удирдлагатай муж, хотуудад нүүрлээд буй асар их хэмжээний луйвар, авлига, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд бүрэн төвлөрөхийг Ж.Д.Вэнст үүрэг болгосон гэж Доналд Трамп цахим хуудастаа бичжээ.
Трамп Миннесота, Калифорни, Иллинойс зэрэг мужуудыг онцлон нэрлэж, тэнд сар бүр олон тэрбум ам.доллар хулгайлагдаж байгааг таслан зогсоож чадвал АНУ-ын холбооны төсвийг маш хурдан тэнцвэржүүлэх боломжтой гэж мэдэгджээ.
Ираны эсрэг цэргийн ажиллагаанд анхнаасаа шүүмжлэлтэй хандаж ирсэн Ж.Д.Вэнс өнгөрсөн 4-р сард Пакистанд болсон хэлэлцээг ахалж, 6-р сард Вашингтон Техран хоёр түр эвлэрлийн санамж бичгийг байгуулсан ч уг гэрээ удалгүй нуран унасан юм. Тэрээр саяхан болсон Конгрессын завсрын сонгуульд Бүгд Найрамдах нам ялагдсан гол шалтгааныг дайны зардал, шатахууны үнийн өсөлттэй холбон шүүмжилж, Ираны аюулгүй байдлын өндөр албан тушаалтантай биечлэн уулзах хувилбарыг судалж байсныг The Wall Street journal мэдээлжээ. Энэ нь 6-р сарын түр эвлэрлийг Иранд хүчээ сэлбэх боломж олгосон алдаа хэмээн үздэг ерөнхийлөгч Трампын байр суурьтай зөрчилдөж, улмаар Вэнсийг хэлэлцээнээс чөлөөлөх шийдвэрт хүргэсэн гэж өрнөдийн хэвлэлээр мэдээлж байна.