В.Зеленский фронтын шугам дахь “Starlink” сүлжээний хурдыг зориуд хязгаарласан хэмээн “Spacex” компанийг буруутгалаа

Украины зэвсэгт хүчний ашиглаж буй “Spacex” компанийн хиймэл дагуулын интернэт хурдыг зориудаар хязгаарлаж эхэллээ хэмээн тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдлээ. Сүүлийн таван хоногийн турш үргэлжилж буй уг хязгаарлалтын улмаас ОХУ-ын агаарын довтолгоог няцаах боломжгүй болсон төдийгүй Володимир Зеленський уг хязгаарлалтыг техникийн саатал бус, улс төрийн шахалт гэж үзэж байна.

Украины зэвсэгт хүчин Оросын дроны довтолгоог агаарт амдан устгахдаа, бас фронтын шугамаас сөнөөгч дрон хөөргөж, байндаа оновчтой цохилт өгөхийн тулд “Spacex” компанийн цэргийн зориулалттай “Starshield” хиймэл дагуулын сүлжээг ашигладаг. Гэвч дроны нисэх хурд 160 км/цагаас хэтэрмэгц сүлжээнээсээ тасарч байгаа нь Оросын өндөр хурдтай дронуудыг амдан устгахад хүндрэл учруулж байгаа гэж мэдээллээ. 

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський  “Тэд үүнийг техникийн саатал гэж тайлбарлаж байгаа ч бид итгэхгүй байна. Хэрэв та тэнд хязгаарлалт тогтоож байгаа бол түр эзлэгдсэн нутаг дэвсгэрийг манайх биш гэж хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Доналд Трамп, Илон маск нар хязгаарлалтаа цуцалж, түүхийн зөв талд зогсох ёстой” хэмээн шүүмжилжээ. Киевийн зүгээс үүнийг Украиныг нутаг дэвсгэрийн буулт хийлгэх зорилготой АНУ-ын талаас үзүүлж буй далд шахалт хэмээн сэжиглэж байна.

Харин тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг “Spacex” компани Украины талын энэхүү мэдэгдлийг эрс няцааж, “Энэ бол худал мэдээлэл. Хиймэл дагуулын үйл ажиллагаанд ямар ч шинэ хязгаарлалт, өөрчлөлт оруулаагүй” хэмээн мэдэгдлээ.

Тэгвэл өнгөрсөн 10-р сард Украины зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү ээлж дараалан довтолсны дараа  “Spacex” компани мөн адил 10 хоногийн турш ийм хязгаарлалт тогтоож байсан удаатай юм. Хязгаарлалт үйлчилсэн тэр хугацаанд Украины алсын зайн цохилт саарч, улмаар ОХУ дроны цохилтод өртсөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийнхээ засварын ажлыг эрчимжүүлэх боломж бүрдсэн гэж олон улсын хэвлэлээр мэдээлж байсан юм.