Женсен Хуан “NVIDIA” компанийн гүйцэтгэх захирлаар эргэн ирэх боломжийг эрэлхийлж байна

“NVIDIA” компанийг 33 жилийн турш удирдаж, технологийн салбарын оргилд хүргэсэн Женсен Хуан хувийн асуудал болон үндэсний аюулгүй байдлын дуулианы улмаас хэдхэн хоногийн өмнө албан тушаалаасаа буусан юм. Тэгвэл тэрбумтан Илон Маск тэргүүтэй цахиурын хөндийн нөлөө бүхий төлөөлөгчид түүнийг гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилох шахалтыг “NVIDIA” компанийн төлөөлөн удирдах зөвлөлд үзүүлж эхэлсэн тухай “Financial times” мэдээллээ.

Женсен Хуан 2023 оноос хойш Сингапурт төвтэй “Megaspeed” хэмээх үүлэн тооцооллын технологийн компанийн захирал Алис Хуантай дотно харилцаатай байсан нь ил болсон. АНУ-ын тагнуулын албаныхан энэ эмэгтэйг Хятадын төрийн аюулгүй байдлын яамтай холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн юм. Алис Хуан нь АНУ-ын хоригийг зөрчин 12 тэрбум ам.доллар хүртэлх үнийн дүнтэй хиймэл оюуны хагас дамжуулагчийг Хятадын компаниудад худалдсан байж болзошгүй байгаа юм. 

Үүнээс гадна Женсен Хуан өөрийн шууд удирдлага дор ажилладаг дэд ерөнхийлөгч Кимберли Ауэлл болон өөр нэгэн ажилтантай дотно харилцаатай байсныг “New york times” ил болгосноор “NVIDIA” компанийн ТУЗ-ийн хараат бус шалгалт явуулж, улмаар өнгөрсөн долоо хоногт Женсен Хуаныг огцруулсан юм. Женсен Хуаныг суудлаасаа буусны дараа “NVIDIA”-ийн хувьцаа огцом савлаж, зах зээлийн үнэлгээнээсээ 1 их наяд гаруй ам.доллар алдсан нь хөрөнгө оруулагчдыг сандаргасан юм. Үүнтэй холбогдуулан түүнийг эргүүлэн авч ирэх цахиурын хөндийн тусгай ажлын хэсэг байгуулагдаж, Илон Маск, “Epic games”-ийн тэргүүн Тим Суини нар “Женсен Хуаныг буцааж авчиръя” уриалгад нэгдлээ. Одоогоор Женсен Хуаныг эргүүлэн авч ирэх тухай цахим өргөдөлд 160 мянга хүн гарын үсэг зурж,  “Altimeter capital” зэрэг томоохон хувьцаа эзэмшигчид ч түүнийг буцаан томилохыг ТУЗ-д уриалаад байна. Мөн Женсен Хуан өөрөө ч эргэн ирэх боломжийг идэвхтэй судалж, ТУЗ-ийн зарим гишүүдтэй холбоотой ажиллаж байгаа гэж “Financial times” сонинд мэдээллээ. 

Хэдийгээр технологийн салбарынхан болон ажилтнуудаас асар их дэмжлэг ирж байгаа ч Женсен Хуаны эргэн ирэх зам тийм ч дардан биш байна. АНУ-ын сангийн сайд Скотт Бессент тэргүүтэй цагаан ордны бодлого тодорхойлогчид “NVIDIA”-д гаднаас ирсэн шинэ удирдагч, эрс шинэчлэл хэрэгтэй гэж хатуу мэдэгдлээ. Түүнчлэн АНУ-ын конгрессын зүгээс Хятад руу чип хууль бусаар гарсан эсэх асуудлаар ТУЗ-д 10 хоногийн дотор тайлбар өгөх шаардлага тавьсан нь болон дотоод ёс зүйн дүрэм зөрчсөн явдал нь түүнийг буцаан авчрахад хамгийн том саад болж байна.