Нийслэлийн иргэдийг өвөл, хаврын улиралд махны үнийн өсөлтөөс сэргийлэх, махны нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг уламжлалтай. Өнгөрсөн жил нөөцийн махны олдоц харьцангуй муу байсны улмаас иргэд олон цагаар дугаарлаж мах худалдан авах тохиолдол гарч байсан. Тэгвэл энэ жил өмнөх жилийн алдааг давтахгүйн тулд нөөцийн махны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн бэлтгэх ажил эхэлжээ.
Манай улс 58 гаруй сая толгой малтай. Гэсэн хэдий ч жил бүр махны үнийн өсөлт эрчимжиж, иргэдийн худалдан авах чадвар буурахын зэрэгцээ цаашлаад махны хэрэглээгээ хязгаарлахад хүрдэг. Энэ жилийн хувьд ч мөн махны үнэ өсөж, үхрийн махны үнэ нэг килограмм нь 30 мянган төгрөг давжээ. Уг нь нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангах, үнийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг худалдаанд нийлүүлдэг болсон. Гэвч өмнөх жилүүдэд нөөцийн махны хүрэлцээ хангалтгүй байсны улмаас иргэд олон цагаар дугаарлах, эсвэл өндөр үнэтэй мах худалдан авахаас өөр сонголтгүй нөхцөл байдал үүсэж байсан. Тэгвэл энэ жил өмнөх алдааг давтахгүйн тулд 15–20 мянган тонн нөөцийн мах бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Иргэдийн зүгээс нөөцийн махны хүрэлцээ муу байдгаас гадна чанар, хадгалалтын нөхцөлд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, гулуузаар худалдаалж буй махыг буруу хадгалсны улмаас хатаж, өнгө үзэмж болон чанараа алдсан мөн жижиглэнгээр зардаг мах нь ихэвчлэн яс ихтэй байдаг гэх мэтчлэн олон асуудал гардаг талаар иргэд шүүмжилж байна.
Тэгвэл энэ жил дээрх асуудлуудыг давтахгүйн тулд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг есдүгээр сараас эхлэн нийслэлд байрлах нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдийн агуулах, цехүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Улмаар эрүүл ахуйн шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан байна. Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдаалах цэгүүдийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn сайтын “махны нөөц” хэсэг болон “e-barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхэлжээ. Ингэснээр иргэд нөөцийн мах худалдаанд гарсан үед аль дэлгүүрт хэдий хэмжээний мах байгааг цахимаар харах боломжтой болжээ.