Цэргийн алба хаагчдын дунд гарч буй дарамт шахалт, хүний эрхийн зөрчлийн улмаас цэргүүд сэтгэл зүй болоод бие махбодиороо хохирох, цаашлаад амь насаа алдах тохиолдол байсаар байна. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг холбогдох байгууллагаас энэ сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран зохион байгуулж буй энэхүү сургалтад хилийн цэргийн анги, тусгай салбарын офицер, ахлагч, алба хаагчид хамрагдаж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтаар хүний эрхийн олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тогтолцоо, алба хаагчдын үүрэг хариуцлагын талаар мэдлэг олгох юм. Мөн бодит тохиолдолд дүн шинжилгээ хийх, хүний эрхийн зөрчлийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга зүйд алба хаагчдыг сургаж байна. Түүнчлэн 2026 онд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд оруулсан нэмэлтээр төрийн цэргийн байгууллагын алба хаагчдад хүний эрхийн боловсрол олгох, зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах эрх зүйн боломжийг өргөжүүлж байгааг салбарынхан онцолж байна. Сургалтад хамрагдсан алба хаагчид цаашид өөрийн байгууллагын бусад алба хаагчдад мэдлэгээ түгээж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж түгээн дэлгэрүүлэхээр болжээ.
Цэргийн алба хаах нэг жилийн хугацаа нь залуусын хувьд зөвхөн цэргийн эрдэмд суралцах хугацаа биш. Энэ хугацаанд тэд бие даах, бусадтай харилцах, хариуцлага хүлээх, нийгэмд бие хүн болон төлөвших олон чадварт суралцдаг. Гэвч залуус гэр бүл, дассан орчноосоо холдож, шинэ орчин, дэглэмд шилжих нь сэтгэл зүйд нь томоохон өөрчлөлт авчирдаг гэдгийг сэтгэл зүйчид онцолж байна. Тиймээс алба хаагчдын сэтгэл зүйн байдлыг тогтмол үнэлэх, шаардлагатай үед мэргэжлийн сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх нь дарамт, хүчирхийлэл, эрсдэлт үйлдлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн хувьд чухал үүрэгтэй гэдгийг сэтгэл зүйч болоод залуус хэлж байна.
Түүнчлэн цэргийн албанд хүний эрхийг хангах нь зөвхөн хууль, журмаар хязгаарлагдахгүй. Алба хаагчдын харилцааны соёл, удирдлагын хяналт, сэтгэл зүйн дэмжлэгтэй салшгүй холбоотой гэдгийг албаныхан онцолж байна. Тиймээс манай улсын цэргийн байгууллагад хүний эрхийн зөрчил гарсны дараа хариуцлага тооцохоос илүүтэйгээр урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал хэвээр байна.