2016-2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 2874 төслийн 42.5 хувийн төсөвт өртөг нэмэгдэж, 3 төсөл тутмын 1 нь хугацаа хэтрүүлжээ

Төрийн худалдан авах ажиллагааны 2006-2026 оны үйл ажиллагаанд хяналт тавих ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахтай холбоотойгоор өчигдөр төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, зарцуулалт, хэрэгжилтийн асуудлыг УИХ-ын төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр сүүлийн 10 жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан төслийн 42.5 хувийн  төсөвт өртөг нэмэгдэж, 3 төсөл тутмын 1 нь хугацаа хэтрүүлсэн талаар мэдээлсэн байна. Иймд төсвийн хөрөнгө оруулалтад тавих хяналт, хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай гэж УИХ-ын зарим гишүүд хэлж байна.

Төрийн худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй байгааг сүүлийн 10 жилийн үзүүлэлт харуулж байна. Тухайлбал 2016-2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 2874 төслийн 1219-ийнх нь буюу 42.5 хувийн төсөвт өртөг нэмэгдэж, гурван төсөл тутмын нэг нь хугацаа хэтрүүлжээ. Үүнээс гадна санхүүжилт давхардах, зураг төсөл өөрчлөгдөх, ашиглалтад орсон барилга тоног төхөөрөмжгүй үлдэх асуудал гарчээ.

Ийм нөхцөлд төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэл, хариуцлагыг нэгдсэн зохицуулалтад оруулах талаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Харин УИХ-ын шийдвэрийн хэрэгжилт 86.3 хувьтай байгаа ч 12 заалт удаашралтай, гурван заалт хэрэгжих боломжгүй гэж үнэлэгдсэн байна. Мөн 261 заалтыг хяналтаас хасах санал гарчээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны 2006-2026 оны үйл ажиллагаанд хяналт тавих ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангагдаж буй энэ үед дээрх үзүүлэлт нь төсвийн хөрөнгө хэрхэн төлөвлөгдөж, зарцуулагдаж, үр дүн нь хэрхэн хянагдаж ирсэн талаар илүү нарийвчлан судлах шаардлагатайг УИХ-ын зарим гишүүд хэлж байна.