Манай улсад 600 орчим хоног үргэлжилсэн Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосон гэж салбар яамнаас мэдээлж байна. Тодруулбал сүүлийн 84 хоногийн турш Улаанбурхан өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул дэгдэлтийг албан ёсоор таслан зогсоосныг өчигдөр эрүүл мэндийн яам болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлалаа.
Манай улсад 2024 онд Улаанбурханы зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 оны хоёрдугаар сарын 18-нд Вьетнам улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлоос үүдэн дотоодын дэгдэлт эхэлсэн. Жил гаруй хугацаанд үргэлжилсэн энэхүү дэгдэлтийн хугацаанд улсын хэмжээнд 15566 тохиолдол батлагдаж байжээ. Тэгвэл энэ оны байдлаар Улаанбурхан өвчний хамгийн сүүлийн батлагдсан тохиолдол 2026 оны 8 дугаар сарын 24-нд бүртгэгдсэн бол өнөөг хүртэл шинээр батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй 85 өдөр болжээ. Улаанбурхан өвчний хамгийн урт нууц үе 21 хоног байдаг бөгөөд ДЭМБ-ын стандартаар нууц үеийн хоёр дахин буюу 42 хоногийн турш шинэ тохиолдол бүртгэгдэхгүй бол дэгдэлтийг зогссон гэж үздэг. Энэ нь манай улс энэ хугацааг хоёр дахин давуулж буюу 85 хоног халдваргүй байж чадсан гэдгийг ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Дэгдэлтийн үед нярай хүүхэд хамгийн хүндээр өртсөн бүлгийн нэг бөгөөд сургуулийн насны хүүхдүүд нийт тохиолдлын багагүй хувийг эзэлсэн байна.
Салбар яамнаас дэгдэлтийн хариу арга хэмжээнд засгийн газраас 15 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдварын тандалт, вакцинжуулалт, лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсан. Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 600 гаруй нэгжийн 1300 гаруй эмч, мэргэжилтэн айл өрхөөр ажиллаж, вакцины товлолын хугацаанаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, өсвөр насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлсэн гэдгээ онцоллоо. Тэгвэл иргэдийн зүгээс Улаанбурхан өвчны тархалтыг дахин сэдрээхгүйн тулд гэр бүл болон үр хүүхдүүдээ Улаанбурханы урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдуулж улс орны эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд иргэний үүргээ биелүүлэх нь чухал гэдгийг хэллээ.
Мөн дархлаажуулалтын вакциныг 1-2 тунгаар хийлгаж байж дархлаа тогтоно гэдгийг эмч мэрэгжилтэнгүүд зөвлөж байна. Улирлын амралт эхлэх үед иргэд гадны улс орныг зорих тохиолдлууд цөөнгүй байдаг учир аялалд гарахаас өмнө хоёр долоон хоногийн өмнө Улаанбурахны вакцинжуулалтанд заавал хамрагдах ёстойг эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Манай улс энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай гэдгийг салбарынхан онцоллоо.