ОХУ энхийн хэлэлцээг ашиглан НАТО-ын эв нэгдлийг сулруулах, Европын аюулгүй байдлын дэг журмыг өөрчлөх шаардлага тавив

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зуучлалаар ОХУ, Украины дипломат төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод хэлцэл хийсэн юм. Тэгвэл уг хэлэлцээний үеэр ОХУ-ын дипломат төлөөлөгчид дайныг зогсоохоос илүүтэйгээр Европын аюулгүй байдлын тогтолцоог өөрчилж, НАТО-ын эв нэгдлийг сулруулах зорилготой хатуу шаардлагуудыг тавьсан нь ил боллоо. 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоох саналаас татгалзаж, хэлэлцээрийг удаашруулахын зэрэгцээ барууны холбоотнуудын эв нэгдлийг хагалан бутаргах стратегийг баримталж буйг мөн шинжээчид хэлж байна. Тухайлбал Абу Дабигийн хэлэлцээний үеэр Оросын дипломатууд Төв болон Зүүн Европын орнуудаас НАТО-ын цэрэг, зэвсэг техникийг гаргаж, Умард Атлантын далай дамнасан эвслийн ирээдүйн тэлэлтийг хуулиар хориглохыг шаарджээ. Энэ нь НАТО-г 1997 оны буюу хуучин хилийн хязгаарт нь буцаах зорилготой аж. 

Оху НАТО-ын гишүүн орнуудтай тус тусад нь үл довтлох гэрээ байгуулж, аюулгүй байдлын баталгаа өгөх санал тавьсан байна. Энэ нь Эстони, Финланд зэрэг хөрш орнуудын анхаарлыг татах замаар эвслийн дотоод эв нэгдлийг сулруулах зорилготой гэж үзэж байна. Хамгийн чухал нь Кремль Украиныг НАТО-д элсэх бодлого, амбицаасаа бүрмөсөн татгалзах, Донецк болон Луганск мужуудыг бүхэлд нь шилжүүлэн өгөх, түүнчлэн цэргийн тоог хязгаарлаж, дроны үйлдвэрлэлийг зогсоох зэрэг шаардлагыг тулгажээ. 

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын гадаад хэргийн яамны дипломатч асан Борис Бондарев хэрэв Европын орнууд оростой тус тусдаа гэрээ байгуулбал НАТО-ын "Нэг нь нийтийн төлөө" гэх хамтын батлан хамгаалах зарчим үгүй болж, цаашдаа цэргийн эвсэл задарна гэж анхааруулжээ.