АНУ-ын их дээд сургуулиудад элсэн суралцах гадаад оюутны тоо огцом буурчээ

Олон улсын боловсролын хүрээлэнгээс АНУ-ын 800 гаруй их, дээд сургуулийг хамруулсан судалгаагаа танилцуулжээ. Тэгвэл  Доналд Трампын засаг захиргаа цагаачлалын бодлогыг чангатгаж, боловсролын салбартаа шинэ журам, зохицуулалтууд хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор АНУ-ын их, дээд сургуулиудад элсэн суралцах гадаад оюутны тоо өмнөх оны үзүүлэлтээс 9 хувиар буурчээ. 

АНУ-ын их дээд сургуульд элсэн суралцаж буй нийт гадаад оюутны тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар, мөн тус улсад анх удаа хөл тавьж буй шинэ оюутнуудын тоо 15 хувиар, магистр, докторын түвшний буюу ахисан түвшний гадаад оюутны элсэлт мөн 15 хувиар тус тус буурчээ. Судалгаанд оролцсон сургуулиудын 88 хувь нь оюутны виз олгох үйл явц хүндэрч, цаг хугацаа шаарддаг болсон, 70 хувь нь зарим улс орнуудад тавьсан зорчих хязгаарлалтыг гол шалтгаан хэмээн нэрлэжээ. Төгсөгчдийн мэргэжлээрээ түр ажиллах эрх олгодог OPT хөтөлбөрт өөрчлөлт оруулж, сургуулиудад өндөр хураамж ногдуулах тухай засаг захиргааны санал гадаад оюутнуудыг өөр улс сонгоход хүргэж байна 

Их Британи, Австрали, Сингапур зэрэг улсууд гадаад оюутнуудыг татах бодлогоо эрчимжүүлсэн болон АНУ-ын сургалтын төлбөр, амьжиргааны зардал өндөр байгаа нь мөн нөлөөлжээ. 

Энэхүү бууралт нь АНУ-д хамгийн олон оюутан илгээдэг Энэтхэг зэрэг орны оюутнуудын дунд илүү тод ажиглагдаж байна. Гадаад оюутнууд ихэвчлэн сургалтын төлбөрөө бүрэн төлдөг тул тэдний тоо цөөрсөн нь АНУ-ын их, дээд сургуулиудын төсөвт томоохон цохилт болж, зөвхөн энэ намрын байдлаар тус улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нь 2.4 тэрбум ам.доллароор буурсан тооцоо гарчээ. 

Өнгөрсөн 2025–2026 оны хичээлийн жилд нийт гадаад оюутны тоо 3 хувиар, шинэ элсэгчдийн тоо 18 хувиар буурч байсан бол энэ 2026 оны намар нийт оюутны тоо дахин 9 хувиар унажээ.