АНУ-д гарсан технологи, дэд бүтцийн дараалсан саатал нь кибер халдлага биш гэж мэдэгдлээ

Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд АНУ-ын агаарын тээвэр, томоохон банкууд, технологийн компаниуд, тэр байтугай тагнуулын байгууллагын дотоод сүлжээнд ойр ойрхон ноцтой саатлууд гарсан нь ил болсон юм. Үүний улмаас АНУ даяар нислэгүүд саатаж, банкны гүйлгээ гацаж, олон сая хэрэглэгч Microsoft болон Apple-ийн үйлчилгээг ашиглах боломжгүй болсон байна. 

Энэхүү дараалсан саатлууд нь АНУ томоохон кибер халдлагын бай болсон эсэх, цаашлаад дэлхийн технологийн систем нуран унаж байгаа эсэх талаар олон нийтийн дунд болгоомжлол төрүүлээд байна. Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын газрын нислэгийн хөдөлгөөн зохицуулах системд холбоо, радарын тасалдал үүссэнээс улс даяар нислэгүүд дөрвөн цаг гаруй хугацаанд зогссон. Үүнтэй зэрэгцэн "Microsoft" компанийн Outlook, Teams, Microsoft 365 зэрэг үйлчилгээнүүд дэлхий даяар олон сая хэрэглэгчдэд тасалдсан бол өнгөрсөн хоногт "Apple" компанийн App store болон Apple music-ийн үйл ажиллагаа ч мөн түр доголджээ. Түүнчлэн "Jpmorgan Chase" тэргүүтэй томоохон банкууд болон мөнгөн шилжүүлгийн "Zelle" үйлчилгээнд техникийн саатал гарч, иргэдийн гүйлгээ түр хугацаанд гацсан байна. Хамгийн их анхаарал татаж байгаа мэдээлэл нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн дотоод нууц харилцаа холбооны сүлжээ хүртэл түр хугацаанд унтарч, тасалдсан тохиолдол гарчээ.

Тэгвэл олон байгууллага хуучирсан системдээ программ хангамжийн шинэчлэлт болон аюулгүй байдлын засварыг нэг дор хийснээс үүдэлтэй техникийн алдаа давхацсан гэж АНУ-ын тагнуулын байгууллагаас мэдэгдлээ. Мөн нислэгийн удирдлагын системд шинэчлэл хийх явцад хуучирсан тоног төхөөрөмжүүд хэт ачаалж, сүлжээ унахад хүргэсэн байна. Банк болон технологийн компаниудын саатал нь сүлжээний багтаамж өргөтгөх үеийн дотоод кодын алдаа болон төлөвлөгөөт засвар үйлчилгээнээс болжээ. 

Шинжээчид системийн саатал, доголдлыг хакерын дайралт биш ч, орчин үеийн нийгмийн дэд бүтэц цөөн хэдэн технологийн системээс хэт хамааралтай болсны улмаас энгийн нэг шинэчлэлт хүртэл улс даяар гинжин урвал үүсгэх эрсдэлтэй байгааг харуулсан дохио гэж дүгнэж байна.