Д.Трамп, Ши Жиньпин, В.Путин нарын уулзалтын өмнө Украины арми Крымын гүүрэнд цохилт өглөө

Доналд Трамп, Владимир Путин, Ши Жиньпин нарын гурван талт дээд хэмжээний уулзалт болохоос ердөө хоёр хоногийн өмнө Украины зэвсэгт хүчин ОХУ-ыг Крымын хойгтой холбодог Керчийн гүүрийг онилон агаарын цохилт өглөө. Стратегийн чухал ач холбогдолтой гүүрийг онилон агаарын цохилт өгөх үеэр хоёр хүн амиа алдсан гэж Крымын засаг захиргаанаас мэдэгдлээ. 

Энэхүү халдлагын улмаас Керчийн гүүрний замын хөдөлгөөн түр зогсож, өрнөдийн холбоотнуудын дунд цэргийн стратегийн талаарх санал зөрөлдөөнийг улам хурцатгалаа. Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Керчийн гүүрний хоёр талд дрон болон пуужин тусаж буй дүрс бичлэгийг цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтэц болон Киевийн гүүрнүүдэд удаа дараа цохилт өгсний хариу болгон аюулгүй байдлын алба болон зэвсэгт хүчний жанжин штаб хамтран "Урьд өмнө гүйцэтгэж байгаагүй" амжилттай ажиллагааг явууллаа хэмээн онцлон мэдэгджээ. 

Одоогоор Керчийн гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн хаасан тул хоёр талд олон мянган автомашин гацсан хэвээр байгаа аж. 2014 онд ОХУ Крымийн хойгийг өөртөө нэгтгэсний дараа барьж байгуулсан, Европ тивийн хамгийн урт буюу 19 км урт Керчийн гүүр нь Оросын өмнөд фронтын цэргийн хангамжийн гол судас юм. Иймд 2022 онд дайн эхэлсний дараагаас Украины арми гүүрийг онилон удаа дараа довтолж байгаа юм. 

Керчийн гүүрийг онилон довтолсны дараа АНУ болон Европын холбоотнуудын хоорондох Украины дайны стратегийн зөрүүтэй байр суурь ил боллоо. Брюссель хотноо болсон Украины батлан хамгаалахын холбоо барих бүлгийн уулзалтын үеэр АНУ-ын батлан хамгаалах яамны бодлогын газрын дарга Элбриж Колби Оросын гүн рүү хийж буй алсын тусгалтай цохилтуудыг "Дайныг дуусгахад үр дүнгүй бөгөөд Оросын ард түмний уур хилэнг бадраах эрсдэлтэй хэмээн шүүмжилсэн байна. Харин Их Британи болон Германы батлан хамгаалахын сайд нар ОХУ-ын цэргийн зориулалттай стратегийн байгууламжуудад өгч буй цохилтыг шүүмжлэхийг "Тэнэг хэрэг" хэмээн тодорхойллоо. Харин үүний оронд Оросын арми Украины эрчим хүч, дулаан, усан хангамжийн дэд бүтцэд өдөр шөнөгүй хийж буй "Террорист халдлагуудыг" буруутгах ёстойг онцоллоо. Хоёр орны сайд Украины агаарын цохилтыг эх оронч үйлдэл хэмээн магтсан байна.