Instagram, Facebook, Tiktok зэрэг нийгмийн сүлжээний платформуудад насанд хүрээгүй хүүхдийн анхаарлыг татах зорилгоор AI ашиглан бүтээсэн бичлэгүүд их байна. Тухайлбал утга агуулгын хувьд зохисгүй, балмад үйлдлийг харуулсан, амьтантай ёс бус харьцаж буй бичлэгүүд түгээмэл тархаж байна. Ийм төрлийн бичлэгийг бага насны хүүхэд үзсэнээр тухайн үйлдлийн зөв, бурууг ялгаж салгалгүйгээр дуурайх, бодитоор туршиж үзэх, үе тэнгийнхний дээрэлхэлт үйлдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Эдгээр асуудлуудаас шалтгаалан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хүүхдийг цахим орчинд хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна.
Тухайлбал, саяхан нэгэн иргэн өөрийн цахим хуудсаар дамжуулан хүүхдийнхээ үзэж байсан бичлэгийг олон нийтэд дэлгэж, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг хүргэжээ. Тус бичлэгт хиймэл оюун ухаанаар бүтээсэн зохисгүй, зүй бус үйлдлүүдийг харуулсан байв. Цахим орчинд энэ төрлийн контентыг шүүлтүүргүй үзсэн бага насны хүүхдүүд дэлгэцээр харсан зүйлээ бодит амьдрал дээр дуурайх, туршиж үзэх зэргээр сэтгэл зүй болон эрүүл мэндээрээ хохирох ноцтой эрсдэл үүсээд байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Түүнчлэн хиймэл оюун ухаанаар бүтээсэн ийм төрлийн бичлэгүүд нь хүүхдийн үгийн баялаг болон шүүмжлэлт сэтгэлгээний хөгжилд сөргөөр нөлөөлөхөөс гадна хэдхэн секунд тутамд солигдох дүрс, дуу чимээ нь допаминыг хэт их өдөөдөг байна. Үүний улмаас хүүхэд ном унших, хичээл хийх зэрэг удаан хугацааны төвлөрөл шаарддаг үйл ажиллагаанаас амархан уйдаж, анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болдог байна. Түүнчлэн тухайн бичлэгийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн тогтоож, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлснээр холбогдох арга хэмжээг авдаг байна. Тухайлбал, энэ оны 9 дүгээр сарын байдлаар нийт 1200 зөрчлийн мэдээлэл ирж, хиймэл оюун ухаанаар бүтээсэн болон зохисгүй агуулгатай 5,600 бичлэгт холбогдох арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Манай улсад бага насны хүүхдийн цахим хэрэглээг зохицуулах эрх зүйн орчин дутмаг байдаг. Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Хүүхдийг цахим орчинд хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Тус хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглож, 13–16 насны хүүхдэд насанд нь тохирсон контент харуулах хязгаарлалт нэвтрүүлэхээр тусгажээ.
Ийнхүү цахим технологийн хөгжил, нийгмийн сүлжээний хэрэглээ улам бүр нэмэгдэж буй өнөө үед хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах нь зөвхөн төрийн байгууллагын төдийгүй эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллага болон цахим платформуудын хамтын үүрэг болж байна. Хуулийн зохицуулалт бий болгохоос гадна түүний хэрэгжилтийг хангах, хүүхдэд насанд нь тохирсон цахим хэрэглээний боловсрол олгох нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.