Монголбанкны 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг засгийн газар шийдвэрлэнэ

Монголбанк 2012–2025 оны хооронд нийт 15.8 их наяд төгрөгийн төсвийн шинжтэй хөтөлбөр санхүүжүүлснээс болж 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалд орсон тул уг алдагдлыг нөхөх, дахин мөнгө хэвлэхийг хуулиар бүрэн хориглох шинэчлэлийг эхлүүлж байна. Уг алдагдлын уршгаар төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрч, зах зээл дэх илүүдэл мөнгийг татах зорилгоор гаргасан үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг болсон нь бодлогын үр нөлөөг сулруулах гол шалтгаан болжээ.

Монголбанк ийнхүү их хэмжээний алдагдал хүлээх болсон гол шалтгаан нь 2012 оноос хойш үндсэн чиг үүргээсээ гадуур нийт 15.8 их наяд төгрөгийн төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийг мөнгө хэвлэх замаар санхүүжүүлж ирсэнтэй шууд холбоотой гэж салбарынхан хэлж байна. Тухайлбал, үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцын ипотекийн санхүүжилт, сайн хөтөлбөрүүд зэрэг засгийн газрын хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний санхүүжилтийн ачааллыг төв банк үүрч, зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсэн байна. Энэ нь нэг талаас үнийн өсөлт буюу инфляцыг хөөрөгдөж, сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц зорилтот түвшиндээ ердөө таван жил л хүрэхэд нөлөөлсөн бол нөгөө талаас зах зээл дэх илүүдэл мөнгийг эргүүлэн татахын тулд үнэт цаас гаргаж, хүүгийн зардалд асар их хөрөнгө зарцуулахад хүргэжээ. Эдийн засагт үүссэн энэхүү гажуудлыг засварлах зорилгоор төсвийн шинжтэй ажлуудыг төв банкаар дамжуулан мөнгө хэвлэж санхүүжүүлэхийг бүрэн хориглох хууль, эрх зүйн орчныг шинэчилж, засгийн газар болон төв банкны чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгохоор тохиролцсон байна.

Хуримтлагдсан 6.9 их наяд төгрөгийн алдагдлыг дарж, төв банкны балансыг эрүүлжүүлэхийн тулд засгийн газраас 25 жилийн хугацаатай, жил бүр 1.5 их наяд төгрөгийн тусгай үнэт цаас гаргах шийдлийг 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан байна. Энэ зохицуулалтын гол давуу тал нь эхний таван жилд буюу 2027–2031 онд улсын төсвөөс үндсэн болон хүүгийн төлбөрт ямар ч шууд зардал гарахгүй байхаар төлөвлөсөн явдал юм. 

Энэ оны долдугаар сард жилийн инфляц 13 хувьд хүрч эрчимжсэн тул Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.5 хувьд хүргэн мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Хэдийгээр аравдугаар сарын эцсийн байдлаар гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 25.1 хувиар өссөн ч дотоод зах зээл дэх үнийн тогтвортой байдлыг хангахад төв банкны хараат бус байдал хамгийн чухал хэвээр байна.