Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 2026 оны ургац хураалтын дүнг танилцуулж, ирэх оны хаврын тариалалтыг хэвийн явуулах болон дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцжээ. Тодруулбал, энэ онд манай улс 1990 оноос хойших хамгийн их буюу нийт 1.4 сая тонн ургац хураан авсан байна. Ингэснээр дотоодын гурил, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 80 орчим хувийг хангах боломж бүрджээ.
Энэ жилийн хаврын тариалалтыг хугацаанд нь эхлүүлэхийн тулд 910 иргэн, аж ахуйн нэгжид нийт 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн зээл олгожээ. Түүнчлэн шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүйн тулд 1245 иргэн, аж ахуйн нэгжид 8000 орчим тонн шатахууныг литр тутмыг нь 3400 төгрөгөөр нийлүүлсэн гэж хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ.
Мөн ирэх онд дотооддоо үйлдвэрлэдэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулж, тогтвортой байлгах зорилгоор төсвийн тодотголоор 120 орчим тэрбум төгрөг батлуулсан байна. Уг хөрөнгийг 5 чиглэлд зарцуулахаар төлөвлөжээ.