Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан гэх зөрчлийн улмаас БНСУ-ын боловсролын сайд огцорлоо

Өнгөрсөн ням гарагт БНСУ-ын боловсролын сайд Чой Кё Жин албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгснийг тус улсын ерөнхийлөгч хүлээн авч, нэг цагийн дотор баталгаажуулжээ. Боловсролын сайд  өнгөрсөн пүрэв гарагт их, дээд сургуулийн элсэлтийн нэгдсэн шалгалтын үеэр хиймэл оюун ухаан ашиглан хуулахаас сэргийлж хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсгэжээ. 

Энэ сарын 15-нд Өмнөд Солонгосын төрийн албаны буюу татварын нягтлан бодогчийн шалгалтад тэргүүн байр эзэлсэн 34 настай эрэгтэй бичил камер, ухаалаг утас болон хиймэл оюун ухаан ашиглан 160 асуултын 159-д нь зөв хариулснаа хүлээн зөвшөөрснөөр дээрх асуудал эхэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор 500 гаруй мянган төгсөгч оролцдог элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр ижил үйлдэл давтагдахаас болгоомжлон боловсролын яамнаас сүүлчийн мөчид хэд хэдэн ер бусын, хатуу хяналтын дүрэм гаргажээ. Тухайлбал шалгалтын өдөр улс даяарх бүх гар утсанд онцгой байдлын чанга дуут дохиог гурван удаа санамсаргүй цагуудад илгээсэн байна. Дууг нь хаасан утаснууд хүртэл хангинаснаар шалгалтын танхимд нууцаар гар утас авч орсон 54 сурагч илчлэгджээ. Түүнчлэн хувцасны товчинд бичил камер суулгахаас сэргийлж шалгуулагчдын бүх товчин дээр наалт нааж, ухаалаг нүдний шил эсэхийг нь нягтлахын тулд хүүхэд бүрийн нүдний шилийг хураан авч шалгасан байна.

Хэдийгээр уг арга нь тодорхой үр дүнд хүрсэн ч дүрмээ хэт тулган өөрчилсөн, шалгалтын дундуур гэнэтийн гамшгийн дохио хангинуулсан зэрэг нь шалгуулагчдын анхаарлыг сарниулж, сэтгэл зүйн ноцтой дарамт учруулсан хэмээн эцэг эхчүүд болон багш нарын үйлдвэрчний эвлэлээс хатуу шүүмжлэл өрнүүлсэн байна.