Европын холбоо ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтийн хэт хараат байдлаас ангижирч, тус улсын байгалийн хийн импортод цэг тавих түүхэн шийдвэрээ хэрэгжүүлж эхлэхэд ердөө сарын хугацаа үлдээд байна. Европын холбооны баталсан төлөвлөгөөний дагуу ирэх 2027 оны 1-р сарын 1-ээс Оросын шингэрүүлсэн байгалийн хийн урт хугацааны гэрээнүүдийг цуцалж, мөн оны намар гэхэд хийн хоолойн нийлүүлэлтийг бүрэн зогсоох юм.
Гэвч шийдвэрлэх мөч ийнхүү тулж ирсэн энэ үед холбооны гишүүн орнуудын дунд хагарал үүсэж, хоригийн цоорхойг ашиглан нэмэлт хөнгөлөлт эрэлхийлж эхэлснийг эрчим хүчний шинжээчид хатуу шүүмжилж эхэллээ. Тухайлбал цаасан дээрх хатуу шийдвэрүүд бодит амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж байгаа нь статистик тоо баримтаас харагдаж байгаа юм. Хорьж, хумих ёстой байсан 2026 оны эхний 10 сарын хугацаанд Европын холбооны орнууд Оросын Арктик дахь “Ямал” төслөөс 12.89 сая тонн буюу 177 хөлөг онгоц дүүрэн шингэрүүлсэн хийг 8.7 тэрбум еврогоор худалдан авсан байна. Энэ нь 2025 оны бүтэн жилийн турш төлсөн 7.2 тэрбум еврогийн дүнг аль хэдийн 21 хувиар давсан үзүүлэлт юм.
Зөвхөн өнгөрсөн 10-р сард гэхэд 839 сая еврогийн үнэ бүхий Оросын байгалийн хий Европын холбооны зах зээлд нэвтэрсний дийлэнх хувийг Франц улс дангаараа худалдан авсан байна. Нэг талд нь хориг ярьж, нөгөө талд нь худалдан авалтаа нэмэгдүүлж буй энэхүү зөрчилтэй байдал нь Европын эрчим хүчний бодлогын сул талыг илтгэж байна.
Тэгвэл Европын холбооны хатуу хориг арга хэмжээ хэрэгжиж эхлэхэд ердөө нэг сар үлдээд байгаа үед зарим гишүүн орнууд Брюсселийн бодлогыг ил тод эсэргүүцэж эхэллээ. Тэр дундаа Словак улс Евродын холбооны уг хоригийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад байгаа бол зарим орнууд дайнаас өмнө байгуулсан гэрээгээр гуравдагч орнуудад хий дамжуулах тусгай чөлөөлөлтийг ашиглан хоригоос бултах замыг нээлттэй орхижээ. Харин олон улсын шинжээчид хэрэв Европын сайд нар эдгээр цоорхойг хааж, ямар ч шинэ хөнгөлөлт үзүүлэхгүй байх зарчим дээр хатуу зогсож чадахгүй бол хоригийн үр нөлөө замхарч, Москвад ашигтай нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй аж.