Технологийн хөгжил бидний өдөр тутмын амьдрал, санхүүгийн хэрэгцээг хөнгөвчилж байгаа ч үүнийг дагаад цахим орчин дахь гэмт хэрэг, тэр дундаа залилангийн хэлбэр өөрчлөгдөж байна. Ялангуяа олон нийтийн сүлжээ болон цахим зээлийн үйлчилгээг ашиглан үйлддэг гэмт хэргийн тоо нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна.
Сүүлийн жилүүдэд цахим залилангийн гэмт хэрэг үйлдэх арга хэлбэр улам нарийсаж, иргэдийн итгэл, анхаарал татахуйц мэдээллийг түгээмэл ашиглах болсныг албаныхан анхааруулж байна. Тухайлбал энэ онд л гэхэд иргэдийг арилжааны банкуудын судалгаанд хамруулна гэсэн агуулгатай хуурамч зар мэдээлэл цахим орчинд байршуулж, фишинг сайт ашиглан иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлан, данснаас нь их хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байсан 5 этгээдийг баривчилсан байна. Цахим орчинд сүүлийн үед үйлдэгдэж буй залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь авч үзвэл 2026 оны эхний 10 сарын байдлаар бараа, үйлчилгээ захиалж бусдад залилуулсан хэлбэр 36 хувь, мөрийтэй тоглоом, сугалаа ашигласан 18 хувь, хуурамч линк холбоос хэрэглэсэн 14 хувь, иргэдийн гар утас руу залгасан 7 хувь, зээлийн аппликэйшн ашигласан арга хэлбэр 6 хувийг эзэлж байгаа бол бусад арга 21 хувийг тус тус эзэлсэн үзүүлэлттэй байгааг албаныханы зүгээс мэдэгдэж байна.
Цахим залилангаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд өөрсдийн ашигладаг цахим платформуудын нууц үгийг тогтмол шинэчлэх, банкны нэвтрэх мэдээлэл, баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх, интернэт банк болон төлбөрийн картаа бусдад ашиглуулахгүй байх шаардлагатайг иргэд онцолж байна. Харин цахим залилангийн хэрэгт хохирсон иргэдийн зүгээс цагдаагийн байгууллага хэргийн шалгалтын явц, үе шат, хугацаа болон хохирлыг нөхөн төлүүлэх ажлын талаарх мэдээллийг цаг тухайд нь, ойлгомжтой хүргэдэг байх хүсэлтэй байна.
Цахим залилангаас урьдчилан сэргийлэхэд зөвхөн иргэдийн хувийн мэдээллээ хамгаалах дадал бус, цахим орчинд зөв мэдээллийг таних, сэжигтэй дуудлага мэдээллийг шалгах мэдлэгийг бүх насныханд нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна. Мөн иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахын тулд цахим орчинд байршуулсан хэт өндөр хямдралтай бараа бүтээгдэхүүний зар, сугалаа, урамшуулал болон шагналын мэдээлэлд нягтлан хандаж, банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.