Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг 2026 оны 12-р сарын 20-оос өмнө зарлана

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг өнгөрсөн 11-р сарын 19-ний УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 104 гишүүний 96 нь дэмжсэнээр түүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон. Үүнтэй холбогдуулан УИХ 4 сарын дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарлан явуулах хуулийн зохицуулалттай.

Үндсэн хуулийн 37-р зүйлийн 2 дахь хэсэг болон Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар ерөнхийлөгч хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд шинэ ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөх хүртэлх хугацаанд төрийн тэргүүний бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүх бүрэн эрхийг орлохгүй, хуулиар журамлаж байж хэрэгжүүлэх зохицуулалттай бөгөөд нарийн зааг ялгаа, журмыг батлах шаардлагатайг улс төр судлаачид онцолж байна.  

Харин ээлжит бус сонгуулийг хуульд заасны дагуу УИХ 4 сарын дотор зарлан явуулах үүрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.9-д зааснаар УИХ ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийг санал авах өдрийн хамт товлон зарлана. Өөрөөр хэлбэл 12-р сарын 20-оос өмнө сонгуулийн товыг зарлах бөгөөд санал авах өдрийг 2027 оны 3-р сарын 17-20-ны хооронд товлохоор урьдчилан тооцоолж байна. Санал авах хугацаа ийнхүү наашилж буй учир сонгогчдын ирц буурах магадлалтай бөгөөд богино хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авах ёстойг судлаачид хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг УИХ-д суудалтай намууд дангаараа эсвэл хамтран нэр дэвшүүлэх эрхтэй. Сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо улсын хэмжээнд зохион байгуулж, сонгуулийн эрх бүхий иргэд бүх нийтийн, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа өгнө.