Их Британийн олон улсын хүмүүнлэгийн “Oxfam” байгууллага болон "Зөрчил мөргөлдөөн, байгаль орчны ажиглалтын төв" хамтран газын зурвасын байгаль орчны сүйрлийн талаарх өргөн хүрээний судалгааны тайланг нийтэллээ. Уг тайланд Израилын гурван жил гаруй үргэлжилсэн цэргийн довтолгооны улмаас газын зурвасын нийт газар нутгийн 99 гаруй хувь нь химийн болон биологийн хорт бодисоор бохирдож, хэдэн арван жилийн турш хүн амьдрах боломжгүй "Хорт хог хаягдлын цөл" болон хувирсныг онцолсон байна.
Хиймэл дагуулаас авсан гэрэл зураг болон зайнаас тандан судалснаар Газын зурвасын нийт нутаг дэвсгэрийн 78 хувь нь Израилын хуурай замын цэргийн ажиллагаанд шууд өртжээ. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тооцоолсноор агаарын довтолгооны улмаас тус бүс нутагт 61 сая тонн барилгын нуранги буюу 2 сая ачааны машинаар зөөх хэмжээн хог хаягдал үүсжээ. Түүнчлэн уг хог хаягдлын 15 орчим хувь нь нурсан барилгаас ялгарсан асбест, тэсрэх бодисын үлдэгдэл, хүнд металл, диоксин зэрэг хорт хаягдал агуулж байна.
Цаашилбал Газын зурвасын ус хангамжийн дэд бүтцийн 85 хувь нь эвдэрч сүйрсэн бөгөөд бохир ус цэвэрлэх зургаан байгууламж бүгд ажиллагаагүй болжээ. Үүний улмаас цэвэршүүлээгүй бохир ус борооны устай холилдон дүрвэгсдийн хуаран, гудамж талбайгаар урсаж, гүний ус болон Газар дундын тэнгисийг бохирдуулж байна. Энэ оны 7-р сард авсан шинжилгээгээр гүний усны худгуудын 20 хувиас нь гэдэсний савханцар нян илэрсэн нь 2021 оныхоос даруй 10 дахин өссөн үзүүлэлт болжээ. Тайланг боловсруулсан эрдэмтэн Лама Абдул Самад эдгээр хорт бодисууд агаар, хөрс, хүнс, усаар дамжин Палестинчуудын эрүүл мэндэд урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг анхаарууллаа. Тухайлбал, одоо болон ирээдүй хойч үед нь амьсгалын замын архаг өвчин, хорт хавдар, дотор эрхтний гэмтэл, төрөлхийн гажиг, амьгүй төрөлт огцом нэмэгдэх эрсдэлтэй аж. Түүнчлэн бохир орчны улмаас Газад менингит, халдварт саа өвчин дахин сэргэж, арьсны архаг өвчлөл дайн эхэлснээс хойш тав дахин өссөнийг эмч нар мэдээлжээ.