ОХУ сансрын тойрог замд цөмийн зэвсэг байрлуулахаар төлөвлөж байна гэв

ОХУ-ын засгийн газар 2026 ондоо багтаан цөмийн цэнэгт хошуу тээвэрлэгч хиймэл дагуулыг сансарт хөөргөхөөр төлөвлөж байгаа талаар Барууны тагнуулын байгууллагын тайланд дурджээ. Хэрэв энэ төлөвлөгөө биеллээ олбол сансрын тойрог зам дахь олон мянган хиймэл дагуул нэгэн зэрэг жагсаалаас гарч, дэлхийн харилцаа холбоо, интернет сүлжээ тасалдах эрсдэлтэй байгаа юм. 

Энэ сарын эхээр Барууны тагнуулын байгууллагууд НАТО-ын холбоотон орнуудад хандан ОХУ-ын Батлан хамгаалах яам "Sputnik-s" гэх нэртэй цөмийн зэвсэг бүхий хиймэл дагуулыг ирэх 60 хоногийн дотор задгай сансарт хөөргөж болзошгүй гэж анхааруулжээ. Түүнчлэн тус хиймэл дагуулыг хэдэн жилийн өмнө бүрэн угсарч дууссан бөгөөд Москва орчимд хадгалж байсан гэж Германы хэвлэлээр мэдээллээ. Хэрэв энэхүү хиймэл дагуул нь сансарт дэлбэрсэн тохиолдолд хүчтэй цахилгаан соронзон импульс болон цацраг идэвхт долгион үүсгэж, арилжааны болон цэргийн зориулалттай олон мянган хиймэл дагуулыг нэгэн зэрэг устгах, ажиллагаагүй болгох аюултайг шинжээчид онцолжээ. Ийм халдлага нь дэлхий дахины харилцаа холбоо, навигац, тагнуулын системийг бүрэн доголдуулж, дэлхийн нам тойрог замыг олон арван жилийн турш ашиглах боломжгүй болгох эрсдэлтэй байна. 

Мягмар гарагт Германы канцлер Фридрих Мерц "Орос улс сансарт цөмийн зэвсэг нэвтрүүлэхээр төлөвлөж буй тухай мэдээлэл шинэ зүйл биш хэдий ч цочирдом хэвээр байна. Энэ нь Орос хурцадмал байдлыг ямар түвшинд хүргэхэд бэлэн байгааг харуулж байна" хэмээн мэдэгдлээ. НАТО-ын тэргүүн Марк Рютте ч мөн эвслийн зүгээс гишүүн орнуудынхаа аюулгүй байдлыг сансрын орон зайд ч бүрэн хамгаална гэдгийг баталсан бол Европын сансрын агентлагийн тэргүүн Йозеф Ашбахер сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг "Хамгийн аймшигт хар дарсан зүүд" хэмээн тодорхойлжээ. Хэрэв Барууны тагнуулын мэдээлэл батлагдвал энэ нь ОХУ-ын нэгдэн орсон 1967 оны "Сансрын орон зайн тухай гэрээ" болон 1963 оны "Цөмийн туршилтыг хэсэгчлэн хориглох гэрээ"-г ноцтой зөрчсөн үйлдэл болох юм.