Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Илүүдэл жин, таргалалт нь халдварт бус өвчин үүсэх хамгийн гол суурь шалтгаан болдог байна. Тодруулбал, биед илүүдэл өөх тос хуримтлагдсанаар дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдож, бодисын солилцоо алдагддаг. Үүний улмаас цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэг, 2-р хэлбэрийн чихрийн шижин, элэг өөхлөх, тэр ч байтугай зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл эрс нэмэгддэг байна. Манай улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад нийт хүн амын нас баралтын 85.9 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа бөгөөд 15–69 насныхны 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой гэсэн судалгаа гарчээ.
Өсвөр нас бол хүүхдийн бие махбод, сэтгэл зүйн хөгжил эрчимтэй явагддаг чухал үе юм. Энэ үед зөвхөн зөв хооллолтын дадал төлөвшүүлэх төдийгүй хөдөлгөөний идэвх багатай байх нь цаашид таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэхээс сэргийлж болно гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Судалгаагаар 6–11 насны хүүхдүүдийн илүүдэл жин, таргалалт 28.6 хувьд хүрч өмнөх үеэс 10 дахин нэмэгдсэн бол 5–19 насныхны 17.6 хувь нь илүүдэл жинтэй, 4.1 хувь нь таргалалттай байна. Мөн 11–17 насны өсвөр үеийнхний 78.7 хувь нь хөдөлгөөний дутагдалтай байгаа нь жин нэмэгдэх гол нөхцөл болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хэрэв одоогоос дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд Монгол хүүхдүүдийн 20 орчим хувь нь таргалалтад өртөх эрсдэлтэй байгааг НЭМҮТ-өөс анхааруулж байна.
Мөн эцэг эхчүүдийн зүгээс өсвөр насны хүүхдүүдийн хооллолт, амьдралын хэв маягт сөрөг өөрчлөлт гарч байгааг онцолж байна. Тухайлбал, хүүхдүүдийн дунд түргэн хоол, чихэрлэг ундааны хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн багасах хандлага ажиглагдаж байгаа. Түүнчлэн оройтож унтах, нойрны дэглэм алдагдах, цаашлаад архи, тамхи хэрэглэх зэрэг эрсдэлт зан үйлүүд түгээмэл болоод байна. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ зөвхөн хооллолтод бус, өдөр тутмын амьдралын хэмнэл, найз нөхдийн хүрээлэл зэрэг нийгэмших орчинд цогцоор нь анхаарал хандуулах шаардлагатайг тэд дурдаж байна.
Өсвөр насныхны илүүдэл жин, таргалалт нь зөвхөн хооллолтын асуудал бус, орчин үеийн амьдралын хэв маяг, хөдөлгөөний хомсдол, нойр болон сэтгэл зүйн эрүүл мэндтэй нягт холбоотой болоод байна. Иймд ирээдүйд халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага, сургууль, эцэг эхчүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн амьдрах болон нийгэмших орчныг эрүүлжүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байна.