ЗГ: Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Тус хуулийн төсөл батлагдвал авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг заавал хурааж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгажээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт 2133 хүн ял шийтгүүлж, 465.3 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ. Гэвч авлигын гэмт хэргийн бүртгэл цаашид өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн онцоллоо.
Тодруулбал, 2025 онд 915 хэрэг бүртгэгдсэн бол 2026 оны эхний 8 сарын байдлаар л гэхэд 1285 хэрэг бүртгэгдэж, өмнөх оны нийт үзүүлэлтээс 370 хэргээр буюу 40.4 хувиар нэмэгджээ.

Иймд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг чангатгаж, гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус хөрөнгийг заавал хураах, хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж ЗГ-аас үзсэн байна. Мөн хураан авсан хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлэхээс гадна нийгмийн сайн сайханд зарцуулах тогтолцоог бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Өнөөгийн нийгэмд 18 настай хүүхэд гар утас хулгайлсны төлөө 5 жилийн ял эдэлж байхад нийтийн албан тушаалтан авлига авч, 50 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаа нь шударга бус гэдгийг ерөнхий сайд Н.Учрал хэлж байна. Иймд авлигаар олсон хууль бус хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайханд зарцуулах шаардлагатай гэж үзжээ. 

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар “Онтрэ” компанийн хувьцаанд төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцжээ. Оюутолгойн бүлэг ордын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг тус компанийн хувьцаанд төр эзэмшилтэй болох эсвэл төрийн эзэмшлийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах хувилбарыг хэлэлцэх хэлэлцээг ирэх оны 1-р сард эхлүүлэхээр товлосон бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм.