Энэ сарын 23-аас талхны үнэ 350-750 төгрөгөөр нэмэгджээ 

Айл өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон талхны үнэ нэг жилийн дотор хоёр дахь удаагаа огцом нэмэгдлээ. Тодруулбал, оны эхнээс 500-700 төгрөгөөр өссөн талхны үнэ арваннэгдүгээр сарын 23-аас дахин 350-750 төгрөгөөр нэмэгдээд байна. Үнийн өсөлт цалин, орлогын өсөлтөөс хэд дахин давсан энэ үед иргэд өдөр тутмын хамгийн энгийн хүнсний хэрэгцээгээ ч хангахад хүндрэлтэй тулгарч байгаагаа илэрхийлж байна.

Нэг жилийн хугацаанд талхны үнэ хэрхэн өссөнг дараах тоон мэдээллээр хүргэе. 

---Хүнсний дэлгүүрүүдэд 2700 төгрөгөөр борлуулагдаж байсан “Атар” талх 3050–3450 төгрөг, 3650 төгрөгийн үнэтэй байсан “Мишээл” зүссэн болон хөх тариа талх 4300 төгрөг, 3050 төгрөг байсан “Амтлаг” талх 3600 төгрөг болж тус тус өссөн байна. Мөн “Онцгой” болон олон үрийн талхны үнэ 600 орчим төгрөгөөр нэмэгдсэн дүнтэйгээр худалдаанд гарч эхэллээ.
---Үндэсний статистикийн хорооны энэ оны арваннэгдүгээр сарын эхэн үеийн мэдээллээр өнгөрсөн оны мөн үед 2707 төгрөг байсан 600 граммын савлагаатай талхны дундаж үнэ 2922 төгрөг болж, жилийн дотор 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй байсан юм. Харин сүүлийн өдрүүдэд өссөн энэхүү огцом нэмэгдэл нь өмнөх жилийн өсөлтийг хэд дахин давсан үзүүлэлттэй байна.
---Салбарынхан болон үйлдвэрлэгчдийн зүгээс гурил, түүхий эдийн үнээс гадна сүүлийн үед дизель түлшний үнэ литр тутамдаа 700–900 төгрөгөөр нэмэгдсэн нь тариалангийн талбайгаас түүхий эд татах, үйлдвэрлэх, улмаар бэлэн бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдэд түгээх тээврийн зардлыг 40–65 хувиар өсгөсөн нь үнэ нэмэх гол шалтгаан болж буйг тайлбарлаж байна.
---Цалин, тэтгэвэр, өрхийн орлого нь хүнсний бүтээгдэхүүний тасралтгүй өсөлтийг гүйцэхгүй байгаа энэ үед зөвхөн талхны үнийн өсөлт гэхэд л нэг өрхийн жилийн зардлыг дунджаар 290 гаруй мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо гарчээ. Үүний зэрэгцээ мах, сүү зэрэг өргөн хэрэглээний бусад хүнсний үнэ өндөр хэвээр байгаа тул иргэд өдөр тутмын хамгийн энгийн хэрэгцээгээ ч хангахад хүнд нөхцөл байдалтай тулгарч байгаагаа хэлж байна.

Иргэдийн зүгээс өдөр тутмын суурь хүнсний үнийн энэхүү өсөлтийг өрхийн амьжиргаанд шууд дарамт учруулсан, үндэслэл муутай шийдвэр хэмээн шүүмжилж байна. Мах, сүү зэрэг бусад гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж, цалин тэтгэврийн худалдан авах чадвар суларсан энэ үед хамгийн түгээмэл хэрэглээний хүнс болох талх үнэд орсон нь иргэдийн санхүүгийн ачааллыг улам хүндрүүлжээ. Ялангуяа төрөөс гурилын импортын татварыг тэглэж, үнийн тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж буй нөхцөлд гурилан бүтээгдэхүүний үнэ эсрэгээрээ нэмэгдэж байгаад иргэд шүүмжилж байна. Тиймээс хэрэглэгчид хямд үнэтэй, жижиг савлагаатай бүтээгдэхүүн сонгох замаар хэрэглээгээ хязгаарлахаас аргагүйд хүрч байгаа бөгөөд холбогдох хяналт шалгалтын байгууллагуудыг үйлдвэрлэгчдийн үнэ нэмсэн бодит шалтгаанд дүн шинжилгээ хийж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахыг шаардаж байна.

Жижиглэн худалдаа эрхлэгчид ч мөн үнийн өсөлтийн сөрөг нөлөөг хүндээр мэдэрч байгаагаа илэрхийлж байна. Хүнсний дэлгүүр эрхлэгчдийн зүгээс үйлдвэрлэгчид үнэ нэмэх шийдвэрээ урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд шинэ үнийн дүнтэй тооцооны хуудсаар хүргэлт хийдэг нь хүндрэл учруулж буйг онцолжээ. Үүнээс үүдэн худалдан авагчид үнийн өсөлтийн бухимдлаа жижиглэнгийн худалдагч нарт гаргах, тэднийг дур мэдэн үнэ нэмсэн мэтээр буруутгах тохиолдол түгээмэл гарч байгаа аж. Түүнчлэн үнэ нэмэгдсэнээр иргэдийн худалдан авалт саарч, бараа эргэлт удаашрах, лангуу болоод дэлгүүрээ хаахад хүргэж байгааг онцоллоо. 

Эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар, инфляцын түвшин 13.4 хувьд хүрсэн өнөөгийн нөхцөлд тээвэр ложистик, эрчим хүч, цалингийн зардлын өсөлт эцсийн бүтээгдэхүүний үнэд шингэх нь зах зээлийн жам ёсны үзэгдэл юм. Гэсэн хэдий ч зах зээлд давамгай байдалтай цөөн үйлдвэрлэгчид үнээ нэгэн зэрэг нэмэх нь хэрэглэгчдэд сонголтгүй тулгалт болж хувирдаг эрсдэлтэй. Иймд шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох төрийн байгууллагууд үйлдвэрлэгчдийн үнэ нэмсэн өртгийн тооцоололд бодит хяналт, аудит хийж олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай байна.