Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко “В.Путины логикоор бол ОХУ-ын газар нутгийг Монгол улсад буцааж өгөх ёстой” гэж хэлжээ 

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хамгийн ойрын холбоотон гэгддэг Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко Францын 'Le point' сэтгүүлд нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр Украины газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн Кремлийн түүхэн үндэслэлийг шүүмжилж, хэрэв ийм зарчмаар хандвал “Оросын газар нутгийг бүхэлд нь Монголд эргүүлэн өгөх учиртай” хэмээн хэлжээ.

Лхагва гарагт нийтлэгдсэн ярилцлагын үеэр А.Лукашенко Славян ард түмнүүдийн төрт ёсны түүх болон одоогийн газар нутгийн маргааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр Беларусийн төр улс 11-12 зууны үед Киевийн Русиэс үүсэлтэй болохыг дурдаад, Украины нутаг дэвсгэрийг "Эртнээс Оросынх байсан" хэмээн тайлбарлах нь өрөөсгөл болохыг онцолжээ. Цааш нь тэрээр эдгээр газар нутгийг эрт дээр үеэс Оросынх байсан гэж өнөөдөр ярих нь буруу. Нэгэн цагт Оросынх байсан нь үнэн. Гэхдээ түүхийг арай илүү гүнзгий сөхөөд харвал Оросын газар нутаг ч бас нэгэн цагт Монгол, Татаруудын мэдэлд байсан, санаж байна уу? Тэгвэл бид Оросыг бүхэлд нь Монголд буцааж өгөх хэрэгтэй болно. Ерөнхийлөгч Владимир Путин ч үүнийг маш сайн ойлгож байгаа" хэмээн егөөдсөн өнгө аясаар хэлсэн байна. Тэрбээр мөн түүхэн харьяаллын тухай маргааныг орчин үеийн улс орнуудын хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг өөрчлөх үндэслэл болгож болохгүйг тэмдэглэжээ. 

2022 онд Оросын цэргүүдийг өөрийн газар нутгаар дамжуулан Украинд довтлох боломж олгож байсан А.Лукашенко сүүлийн өдрүүдэд дайныг зогсоох энхийн хэлэлцээрийн талаар идэвхтэй байр суурь илэрхийлэх болсон бөгөөд өнгөрсөн мягмар гарагт Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй хамт Москвад очиж, В.Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа зарласан юм.