ГЭР БҮЛ САЛАЛТЫН ХАМГИЙН ТОМ ХОХИРОГЧ НЬ ХҮҮХЭД

Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн мэдээлэл гэвэл ердөө бүртгэлтэй тоо баримт. Харин бүртгэлтэй гэр бүл салалтын  цаана  гэрлэлтээ, хамтын амьдралаа улсын бүртгэлээр баталгаажуулаагүй хэчнээн гэр бүл салж байгаа нь тодорхойгүй. Гэр бүл салалтын гол хохирогч нь хүүхэд юм гэдгийг сүүлийн үед  нийтэд ил болж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргүүд бэлхнээ батлан харуулж байна.   

Залуу эмэгтэй хоёр хүүхдийнхээ ааваас салж өөр хүнтэй хамтын амьдрал зохиож улмаар хоёр хүүхэд нь хойд эцгийн тэсэхийн аргагүй хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл цахим орчинд цацагдаж олныг сэртхийлгэсэн. Хоёр хүүхдийг хүчирхийлэгч хойт эцгийг жигшиж, ээжийг нь, эмээг нь шүүмжлээд өнгөрсөн ч хоёр хүүхдээ үл хайхарч, эцэг байх хариуцлагаа ухамсарлаагүй төрсөн эцгийг нь хэн ч дурссангүй. Дээрх хэрэг шиг, гэр бүл салалт нь хүүхэд хүчирхийллийн хохирогч болох хамгийн том нөхцөл болдог байна.

Манай улсад 76.9 мянган эмэгтэй, 20.6 мянган эрэгтэй өрх толгойлж хүүхдээ ганцаараа асран хамгаалж байна. Гэр бүл салсан ч гэсэн ээж аавуудад хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь хэвээр үлддэг. Гэвч үүнийг эцэг эхчүүд нь ухамсарлаагүйгээс хүүхэд хохирч улмаар хойд эцэг, эхийн хүчирхийлэлд өртөх нөхцлийг бүрдүүлж байна.

Гэр бүлийн гишүүний хариуцлагаа үл ухамсарлах, хамт амьдрах  хүнээ сайн таньж мэдээгүй, гэр бүлээс гадуурх харилцаа, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүл салалтын шалтгаан болж байна. Тиймээс хамтын амьдрал, гэр бүл зохиох тал дээр гэр бүлийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулж хүүхдэд багаас нь зааж сургах нь чухал байна.