Өнгөрөгч мягмар гарагт төв Америкийн Гватемал улсыг "ЭТА" гэх далайн хар салхины 4-р ангилалд тооцогдсон байгалийн гамшигт үзэгдэл дайран өнгөрч 50 гаруй хүн амиа алджээ. Энэхүү гамшигт үзэгдлийн нөлөөгөөр моднууд үндсээрээ булгаран унаж, байшин барилгуудын дээвэр салхинд хийсэж, цахилгаан эрчим хүч тасалдсан байна.
Цаг уурчдын мэдээлснээр ЭТА хар салхины нөлөөгөөр 300 миллиметр орчим хур тунадас орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүсжээ. Эрх баригчдын зүгээс хохирол хамгийн их амссан бүс нутгуудад гамшгийн дэглэм тогтоож, ард иргэдэд тусламж үзүүлэх ажилд зэвсэгт хүчнийг татан оролцуулаад байна.
Түүнчлэн сургууль цэцэрлэгийн байгууламжуудыг түр хорогдох байр болгон ашиглаж байгаагийн зэрэгцээ Ковид-19 цар тахлын аюулаас сэргийлэх зорилгоор хүмүүсийг нэг дор олноор нь байрлуулахаас зайлсхийж, халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн мөрдөж байгаагаа аврах албаныхан мэдэгджээ.
Харин Гватемал улсыг дайран өнгөрсөн тус хар салхи 225 километр цагийн хурдтайгаар хил залгаа оршдог Хондурасыг чиглэсэн бөгөөд тус улсын гамшигтай тэмцэх албанаас 19 орчим хүн амиа алдаж, 360 мянган хүн гамшигт өртсөн талаар мэдэгдсэн байна.
Дэлхий дахинд тулгамдаад байгаа Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа энэ цаг үед байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсэн нь нүүлгэн шилжүүлэх ажил болоод аврах ажиллагаанд саад учруулж, цаашлаад халдварын тархалт нэмэгдэх хүчин зүйл болох магадлалтай гэж аврах албаны ажилтнууд мэдэгджээ