Одоогийн бидний хэрэглэж байгаа кирилл бичгийн дүрмийг анх 1941 онд орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн дамдинсүрэн зохиосон байдаг. Тухайн цагаас хойш бүх нийтээр эрдэмтэн Дамдинсүрэнгийн зохиосон Монгол хэлний зөв бичгийн дүрмийг өнөөдрийг хүртэл хэрэглэж ирсэн бөгөөд энэ хугацаанд Монгол хэлний зөв бичгийн дүрмийг огтхон ч өөрчлөөгүй юм. Харин сүүлийн үед иргэд олон нийтийн дунд Монгол хэлний дүрэм үе үе өөрчлөгддөг гэх маргаан үүсээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Монгол хэлний зөв бичгийн дүрэм өөрчлөгдсөн эсэх талаар мэргэжилтнээс тодруулга авсан юм. 2010 онд Монгол хэлээр нийтдээ 10 сая 450 мянган хүн ярьж байна гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс Монгол улсад 2018 оны байдлаар 3 сая 250 мянган иргэн Монгол хэлээр ярьдаг байна. Харин орчин цагийн Монгол хэлний үүсэл, зөв бичгийн дүрмийн тухайд бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол хэлний шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, 1946 онд бүх нийтээр албан ёсоор кирилл бичгийг хэрэглэж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Монгол хэл, бичгийн дүрэмд огт өөрчлөлт ороогүй юм байна. Тэгвэл иргэдийн хувьд Монгол хэлний зөв бичгийн дүрэмд байнга өөрчлөлт ордог гэсэн ташаа ойлголтой байна. Мөн олон нийтийн дунд өөр нэг эргэлзээ байдаг нь хэрэв Монгол хэлний зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөгүй юм бол дахин толь бичиг хэвлүүлж, үгсийг яагаад журамладаг юм бэ гэсэн асуудал юм. Тэгвэл энэ нь ард иргэдийн хамгийн их алдаж бичдэг үгийг залруулах үүднээс хуучин толь бичиг дэх үгээр нь журамлаж өгдөг юм байна. Монгол хэлээр ярьж бичихдээ Монгол хэлний хэм хэмжээг баримталж зөв дуудах ёс, зүй тогтол, найруулан бичих, зөв бичих дүрмийг эрхэмлэх нь иргэн хүний үүрэг болохыг эрдэмтэд сануулж байна.