“Ковид-19” халдварын одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоолтойгоор “Улсын онцгой комисс” хөл хорио тогтоож, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнд гурав хоногийн хугацаанд хязгаарлалт хийж, цагийн хуваарь тогтоосон байна.
“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр зогсоохоор боллоо.
Мөн 3 хоногийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цагийн хуваарь тогтоож зөвхөн өглөө ажил эхлэх болон орой ажил тарах цагаар нийтийн тээврээр үйлчлэх юм байна. Тодруулбал өглөө 6 цагаас 10 цаг хүртэл, орой 17 цагаас 21 цаг хүртэл иргэдэд үйлчлэх бөгөөд бусад цагуудад нийтийн тээвэр үйлчлэхгүй байна.
Нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 3 хоног зогсоогоод байна.
Армени, Азербайжан гал зогсоох тохиролцоонд хүрчээ
Уулын Карабахын асуудлаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн нэг сар гаруйн хугацаанд Армени, Азербайжан хоёр улсын хооронд үргэлжилсэн юм. Хэдийгээр сөргөлдөгч талууд гал зогсоох гурван удаагийн тохиролцоонд хүрсэн боловч гал нээсэнд харилцан бие биенийгээ буруутгасны улмаас мөргөлдөөн үргэлжилсээр байжээ. Тэгвэл Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путины уриалга дор Арменийн ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нар уулын Карабахт гал зогсоох тухай мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.
Армени, Азербайжан галаа зогсоож, оросын энхийг сахиулагчид уулын Карабахын галын шугамд очиж үүрэг гүйцэтгэхээр болсныг ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Владимир Путин хэлэхдээ "Уулын Карабахын зэвсэгт мөргөлдөөнийг Москвагийн цагаар 11 дүгээр сарын 10-ны шөнийн 00 цагт зогсоох тухай мэдэгдэлд миний бие болон Азербайжаны төрийн тэргүүн Ильхам Алиев түүнчлэн Арменийн ерөнхий сайд Никол Пашинян нар гарын үсэг зурсан. Түүнчлэн сөргөлдөгч талууд олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийн дагуу энэ долоо хоногийн эцэс гэхэд байлдааны талбарт амь үрэгдсэн цэргүүдийн цогцос болон хоёр талд олзлогдсон цэргүүдийг солилцох ажлыг манай улсын цэргийн тусгай хамгаалалт дор зохион байгуулахаар боллоо. Уулын Карабахын асуудалд цэг тавьснаар Армени, Азербайжан 2 улсын ард иргэд амар амгалан амьдрах боломжтой болох юм” хэмээсэн байна.
Уг тохиролцоо ёсоор сөргөлдөгч талууд галаа зогсоосны дараа Оросын холбооны улсын 2 мянга орчим энхийг сахиулагч уулын Карабах дахь галын шугам болон уулын Карабах, Армени улсыг холбосон "Лачины Коридор" гэх замыг хамгаалах юм байна. Энхийг сахиулагчдын багт нэмэлтээр 90 хуягт тээвэрлэгч, 380 орчим тооны автомашин, тусгай техник хэрэгсэл багтжээ. Тус энхийг сахиулагчид ирэх таван жилийн хугацаанд уулын Карабахын бүс нутагт байрлана. Гэхдээ сөргөлдөгч талууд тохиролцоонд гарын үсэг зурснаас хойш зургаан сарын дотор хоорондоо дахин сөргөлдөөн үүсгэвэл дахин тавaн жилээр сунгагдах юм байна. Мөн тохиролцооны дагуу Арменийн цэргийн энгийн номхон иргэд байрлан амьдардаг уулын Карабахаас гарахыг үүрэг болгожээ. Түүнчлэн Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ Армени, Азербайжаны хилд оросын нисдэг тэргийг харваж унагасантай холбоотойгоор уучлалт гуйсан байна. Тэрээр Оросын нисдэг тэргийг Арменийн агаарын цэргийн хүчний нисдэг тэрэгтэй андуурсан тухай мэдэгдсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, буруутай этгээдүүдийг шийтгэхээс гадна амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, шархадсан нисгэгчид нөхөн төлбөр олгоход бэлэн гэж тэрээр мэдэгджээ.