"Ковид-19"-ийн халдвар дэлхий дахинд тархаж эхлэх үед улс орнууд хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ танилцуулж эхэлсэн. Тухайн үед цар тахлаас айж сандарсан хүмүүс хамгийн эхэнд амны хаалт, гар ариутгагч хэтэрхий олноор худалдан авсан бол дараа нь ариун цэврийн цаас болон хэт их хүнс, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан нь зохиомол хомсдол үүсгэсэн байна. Дэлгүүрийн лангуун дээрх ариун цэврийн цаас, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн дууссаны улмаас канад, Япон, Америкийн нэгдсэн улс нэг хүний авах ариун цэврийн цаас, хүнсний бүтээгдэхүүний хэмжээг хязгаарлах зохицуулалт хийсэн. Энэ нь дэлхий дахинд зохиомол хомсдол үүсгэхгүй байх хэлбэр гэж эрх баригчдын зүгээс мэдэгдэж байсан юм. Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад эмч мэргэжилтнүүд цар тахлын үед ариун цэврийн цаас болон хэт их хэмжээний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн юунд хэрэг болсон талаар хэд хэдэн хувилбар дэвшүүлжээ.
Хамгийн эхэнд дэвшүүлсэн хувилбар нь худал мэдээлэлд хэт автах гэсэн байна. Тодруулбал Америкийн нэгдсэн улс болон Канадад олон нийтийн сүлжээгээр амны хаалт дотор ариун цэврийн цаасыг хамгаалалт болгон ашиглах нь цар тахлаас хамгаална гэсэн худал мэдээлэл тархжээ.
Тухайн үед амны хаалтын үйлдвэрлэл нэмэгдэх тусам ариун цэврийн цаасны нийлүүлэлт багасна гэх цуу яриа дэлгэрсэн нь зохиомол хомсдол үүсэх шалтгаан болсон байна. Энэ нь худал мэдээлэл гэж батлагдсан төдийгүй мэдээллийн эх сурвалжаа тогтмол шалгаж байхыг эмч мэргэжилтнүүд анхааруулжээ.
Харин мэргэжилтнүүдийн дэвшүүлсэн хамгийн боломжит хувилбар нь хэдэн долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтооно гэх айдаст автсан хүмүүс хамгийн түрүүнд дуусдаг хэрэгцээний бүтээгдэхүүнээ нөөцөлсөн байж болох юм гэж үзсэн байна. Гэр бүлийн гишүүд бүгд хөл хорионд ороход өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгддэг төдийгүй нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд онгойх эсэх нь тодорхойгүй гэж үзсэний улмаас их хэмжээгээр худалдан авах үзэгдэл ажиглагдаж байна гэж мэргэжилтнүүд үзжээ.
Тэгвэл мэргэжилтнүүдийн дэвшүүлсэн хамгийн сүүлийн хувилбар нь ард иргэдийн сэтгэхүйтэй холбоотой гэж мэдэгдсэн байна. Хэцүү нөхцөл байдалд хүмүүс бие биенийгээ даган дурайх явдал гардагтай холбоотой гэж шинжээчид үзжээ. Ялангуяа ард иргэд цар тахлын нөхцөл хүнд байгаа испани, итали улстай ижил нөхцөлд байгаа гэж эндүүрч ариун цэврийн цаас болон бусад ахуйн бараануудыг ихээр нөөцөлж байна гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Тиймээс ард иргэд зохиомол хомсдол үүсгэхгүй байхын зэрэгцээ амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын харилцааг хязгаарлах төдийгүй хэт их хүнс, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг эмч мэргэжилтнүүдийн зүгээс уриалж байна.