Япон улс сансрын хог хаягдлыг устгах хиймэл дагуулыг ирэх 3-р сард хөөргөнө

2017 оноос эхлэн япон улс дэлхийн тойрог замд байрлах сансрын хог хаягдалтай тэмцэхээ мэдэгдэж, устгагч хиймэл дагуулыг зохион бүтээж эхэлсэн юм. Тэгвэл өнгөрөгч лхагва гарагт япон улсын "Астро скейл холдингс" компани сансрын хог хаягдлыг цэвэрлэх тусгай хиймэл дагуулыг 2021 оны гуравдугаар сард тойрог замд илгээхээ мэдэгджээ.

Тус хиймэл дагуулыг Оросын холбооны улсын "Союз" хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд байрлуулахаар болсон байна. Хайрцаг хэлбэрийн хиймэл дагуул нь хэмжээний хувьд 6 метр урт, 11 метр өргөн, 175 кг жинтэй бөгөөд тусгай соронзон хавтангуудын тусламжтай сансрын хог хаягдлыг өөртөө татсаныхаа дараа агаар мандалд шатаах зорилгоор бүтээгджээ.

Түүнчлэн япон улсын сансар судлалын Жакса агентлаг дэлхий орчмын тойрог замд эргэлдэж байгаа пуужингийн хэлтэрхий зэрэг хог хаягдлыг лазерын тусламжтайгаар устгадаг хиймэл дагуул бүтээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэхүү хиймэл дагуул нь сансрын хогийг цуглуулж, агаар мандалд лазер туяагаар шатаах бөгөөд 2023 он гэхэд дэлхийн тойрог замд байрлуулахаар төлөвлөжээ.  Япон улсын сансар судлалын Жакса агентлагийн мэдээлснээр дэлхийн тойрог замд 10 см-ээс дээш хэмжээтэй 20 мянга гаруй пуужингийн хэлтэрхий, мөргөлдсөн хиймэл дагуулын хог хаягдал байгаа юм.