Энэ амралтын өдрүүдэд "Хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалт цахимаар болж өнгөрлөө.  Саудын Арабын хаанаар даргалуулсан  уулзалтаар "Ковид-19" цар тахалтай тэмцэхэд авах арга хэмжээ, цар тахлын дараах дэлхийн эдийн засгийг сэргээх үйл явц гэх сэдвээр ярилцсаны зэрэгцээ дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэж байгаа улс орны тэргүүн нар өөрийн улсад тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэсэн асуудлын талаар ярилцсан байна.

"G20" буюу "Хорийн бүлэг"-ийн цахим дээд хэмжээний уулзалтын энэ жилийн гол сэдэв нь "Ковид-19" цар тахалтай тэмцэхэд авах арга хэмжээ, дэлхийн эдийн засгийг сэргээх үйл явцын талаар ярилцсан байна. Саудын Арабын хаан Сальман Бен Абдель Азиз аль Сауд даргалсан цахим дээд хэмжээний уулзалтын үеэр  "Ковид-19" халдварын эсрэг вакцин, эм бэлдмэл, түүнчлэн цар тахлын оношлуурыг дэлхий даяар тэгш хуваарилах ажлыг санхүүжүүлэх талаар ярилцсан юм. Үүнээс гадна, "Хорийн бүлэг"-ийн удирдагч нар ирээдүйд гарч болзошгүй цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах зэрэг талаар ярилцжээ. Харин ням гарагт болсон цахим уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийг сэргээх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үе шаттайгаар тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсгөх бат бөх суурийг бий болгоход чиглэгджээ. Улс орны удирдагч нар дэлхийн эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхийн зэрэгцээ нийгмийн эмзэг бүлгийг дэмжих зэрэг бусад олон асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ "Хорийн бүлэг"-ийн орнууд аль хэдийн чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгаа юм. Тодруулбал, "Ковид-19" халдварын эсрэг вакцины үйлдвэрлэл, түгээлтийг дэмжих зорилгоор дэлхийн эрүүл мэндийн тогтолцоонд 21 тэрбум америк доллар, дэлхийн эдийн засгийг сэргээхэд 11 их наяд америк доллар хөрөнгө оруулахаа мэдэгдсэн байна. Ийнхүү жил тутмын "Хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдаж, ирэх 2021 онд даргалах эрх итали улсад шилжжээ.