Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд луйвар орсон гэж одоогийн ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн штаб болон бүгд найрамдах намын төлөөлөгчид үзэж, таван мужийн санал тоолох үйл явцыг маргаантай хэмээн мужийн шүүхэд гомдол гаргасан юм. Тус таван мужид Пенсильвани, Мичиган, Жоржиа, Аризона, Невада багтаж байгаа бөгөөд Бүгд Найрамдах намын гишүүд шуудангаар эрт илгээсэн саналын хуудсуудыг тоолох ажлыг түр зогсоох, аль эсвэл дахин саналын хуудсуудыг тоолох, түүнчлэн санал тоолох явцад ажиглагчдыг нэмэх зэрэг хүсэлт гаргасан байна. Тэгвэл өнгөрөгч бямба гарагт Пенсильвани мужид шуудангаар өгсөн 700 мянга гаран саналын хуудсыг хүчингүйд тооцохыг шаардсан Доналд Трампын сонгуулийн штабын нэхэмжлэлийг тус мужийн шүүх хэрэгсэхгүй болгожээ. Мужийн шүүхээс тус нэхэмжлэлийг хууль ёсны үндэслэлгүйн дээр таамаг дээр суурилсны зэрэгцээ худал мэдээлэл агуулсан гэж үзсэн байна. Харин Пенсильвани болон Аризона мужийн шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн штаб Америкийн Нэгдсэн Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. гэхдээ Америкийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн гол хэрэгслээр тус улсын 46 дах ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден ялалт байгуулсан талаар мэдэгдсэн бөгөөд дэлхийн олон улсын удирдагчид баяр хүргээд байгаа юм.