БНХАУ сарны гадаргаас дээж авчрах зорилготой хөлгөө амжилттай хөөргөлөө

11-р сарын 24-ны орой 20 цаг 30 минутад бүгд найрамдах хятад ард улсын Хайнань арлын Вэнчань сансрын буудлаас сарны гадаргаас дээж авчрах "Чанг-и-5" хөлгийг тээвэрлэсэн "Лонг марч-5" пуужин амжилттай хөөрчээ.Тус хөлөг сарны хөрснөөс чулуу, шорооны дээж авч, дэлхийд авчрахаар зохион бүтээгдсэн бөгөөд сарны үүсэл гарал, бүтэц зэргийг судлахад том дэвшилт авчирна гэж эх газрын Хятадын сансар судлаачид мэдэгдсэн байна. Сарнаас дээж цуглуулах ажил нийт 23 хоног үргэлжилж, ирэх 12 дугаар сарын дундуур дэлхий руу буцах төлөвлөгөөтэй байгаа юм."Чанг-и-5" хөлөг саран дээр ажиллах хоёр станцыг буулгахад найм хоног зарцуулж, сарны гадаргад өрөмдлөг хийж, дээж авахад хоёр хоног зарцуулах юм байна. Хэрвээ тус төлөвлөгөө амжилттай хэрэгжиж чадвал бүгд найрамдах Хятад ард улс нь сарны хөрснөөс дэлхий рүү дээж авчирсан гурав дахь улс болж, Америкийн нэгдсэн улс, зөвлөлт холбоот улсын дараа бичигдэх юм. Хамгийн анх 1969-өөс 1972 оны хооронд Америкийн нэгдсэн улсын “Аполло” хөтөлбөрийн 12 сансрын нисгэгч зургаан удаа сансарт хөөрөхдөө нийт 382 кг сарны хөрсний дээжийг дэлхийд авчирч байжээ. Дараа нь 1976 онд зөвлөлт холбоот улс Луна станцын тусламжтайгаар сарны 170 грамм дээжийг дэлхийд авчирсан юм. Харин эх газрын хятадын тухайд 2022 онд дэлхийн тойрог замд байнга ажиллах станцтай болохоор төлөвлөж байгаагийн зэрэгцээ өнгөрөгч долдугаар сард ангараг гараг руу анхны робот станцаа илгээсэн юм.