Өмнөд Африкийн бүгд найрамдах Намиби улсын засгийн газар ган гачиг болон дархан цаазат газруудын ан амьтдын тоо толгойг бууруулах зорилгоор 170 зэрлэг зааныг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргажээ. Тус улсын байгаль орчин, ой, аялал жуулчлалын яамны зүгээс худалдан авагч нь хөрөнгө мөнгө болон зааны аюулгүй байдлыг хангах байр байгаа эсэх талаар баталгаа гаргаж өгснөөр дуудлага худалдаанд оролцох эрх үүснэ гэж мэдэгдсэн байна.Түүнчлэн дуудлага худалдаанд дотоодын төдийгүй гадаадын худалдан авагчдад бүгд оролцох боломжтой юм. Харин гадаадын худалдан авагчдаас зэрлэг заануудыг тухайн улс руу аюулгүй зөөвөрлөхийг зөвшөөрсөн гаалийн баримт бичиг нэмэлтээр хавсаргах шаардлагатайг эрх баригчдын зүгээс анхааруулжээ. Сүүлийн жилүүдэд Намиби улс зэрлэг зааныг хамгаалах, хулгайн антай тэмцэх арга хэмжээ авснаар 1995 онд 7500 байсан зааны тоо толгой огцом өсөж 2019 онд 24 мянга болсон юм. Хэдийгээр зэрлэг ан амьтдын тоо толгой өссөн нь сайшаалтай зүйл ч тус улсад заан нутаглах байгалийн нөөц хомстоход хүргэсэн байна. Үүнээс гадна ган гачиг нүүрлэсний улмаас дархан цаазат газруудын нуур, гол горхи ширгэж, ан амьтад олноороо үхэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа юм.
