АНУ БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны хөвөн даавуун бүтээгдэхүүнд хориг тавилаа

Америкийн нэгдсэн улс Бүгд Найрамдах Хятад ард улсын баруун хойд нутагт орших Шинжаан уйгурын өөртөө засах орноос хөвөн болон хөвөн даавуун бүтээгдэхүүн импортлохыг хориглосноо өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ. Нэгдсэн улсын гааль, хилийн албаны цахим хуудаст эх газрын тус бүс нутагт хүний эрх зөрчигдөж байна гэж үзсэн тул ийм шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн байна. Харин бүгд найрамдах хятад ард улсын гадаад хэргийн яамнаас хүний эрхийн төлөө тэмцэх нэрээр эх газрын хятадын дотоодын асуудалд оролцохгүй байхыг анхааруулжээ.

Америкийн нэгдсэн улсын гаалийн хэвлэлийн албаны зүгээс Шинжаанд үйлдвэрлэсэн хөвөн, хөвөн даавуун бүтээгдэхүүнийг тээвэрлэн нэгдсэн улсын хилээр орж ирсэн бүх ачааг аль ч тохиолдолд хураан авна гэж мэдэгдсэн байна. Уг шийдвэрийг үндэстний цөөнх болох Уйгур иргэдийг тэр дундаа хоригдлуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн тухай мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргасан гэж гаалийн албаны зүгээс мэдэгджээ. Харин бүгд найрамдах хятад ард улсын гадаад хэргийн яамны зүгээс дээрх мэдээллийг эрс няцааж, эх газрын Хятадын дотоодын асуудалд хөндлөнгөөс дахин оролцож байна гэж буруутгажээ.

Эх газрын Хятад нь дэлхийн нийт хөвөнгийн 20 орчим хувийг хангадаг бөгөөд дийлэнх хэсгийг Шинжаан Уйгурын өөртөө засах оронд үйлдвэрлэдэг байна. Харин засан хүмүүжүүлэх газруудын тухайд 2018 оны наймдугаар сард нэг сая хүртэл тооны уйгур үндэстнийг "Хууль бусаар хорьж байж болзошгүй" гэж нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрхийн дээд комиссын төлөөлөгчид мэдээлж байсан юм. Хэдийгээр эх газрын Хятадын төлөөлөгчид дээрх мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн боловч Шинжаанд "Боловсрол, мэргэжлийн сургалтын төвүүд" үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлсэн. Гэхдээ тус төвүүд нь "Терроризм, хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүмүүсийг" сурган хүмүүжүүлдэг гэж няцаасаар байгаа юм.