Дэлхийн зарим улс оронд

Дэлхий дахинд "ковид-19"-ийн халдвар дэгдсэнээс хойш нэг жил гаруйн хугацаанд 135 гаруй биотехнологийн компани цар тахлын эсрэг вакциныг гарган авах ажилд оролцож байгаа юм. Тэгвэл дэлхийн хэд хэдэн орон "Ковид-19" халдварын эсрэг вакцинжуулалтын аяныг эхлүүлсэн байна. Өнгөрөгч бямба гарагаас эхлэн Оросын холбооны улс "Ковид-19" халдварын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрөө нийслэл Москва хотын эмнэлгүүдэд эхлүүлжээ. Үүнд "Ковид-19"-ийн халдвар авах хамгийн эрсдэлт бүлгийн хүмүүс буюу галын фронтод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд, цэрэг, арми болон үйлчилгээний байгууллагын ажилтнууд багтаад байгаа юм. Харин энэ амралтын өдрүүдээс эхлэн нийт ард иргэдийг цар тахлын эсрэг вакцинжуулах аян эхлэх юм байна. Нэг хүн тун вакцины үнийг 26 америк доллароор тогтоосон бол Оросын холбооны улсын иргэн бол үнэ төлбөргүй хийлгэнэ. Тус улсын хэмжээнд улсын нийт 70 эмнэлэгт "Ковид-19" халдварын эсрэг вакцин хийлгэх боломжтой юм байна. Хэдийгээр олон мянган хүн эхний тунг хийлгэхээр бүртгүүлсэн ч Оросын холбооны улсын вакцин үйлдвэрлэгчид энэ оны эцэс гэхэд 2 сая хүн тун вакцин үйлдвэрлэх боломжтойгоо мэдэгджээ. Түүнчлэн тус улсын вакциныг Казакстан улсад үйлдвэрлэхээр яриа хэлэлцээр хийж байгаа талаар Кремлийн ордны зүгээс мэдэгдсэн байна.

Харин энэ мягмар гарагаас эхлэн Их Британид Америкийн нэгдсэн улсын Физер, холбооны бүгд найрамдах Герман улсын Бионтех компанийн хамтран гаргаж байгаа "Ковид-19" халдварын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлжээ. Эхний хэсэг буюу 800 мянган хүн тун вакциныг нэн түрүүнд эрсдэлт бүлгийн хүмүүс буюу галын фронтод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд, 80-аас дээш настай өндөр настан болон нэн хэрэгцээт үйлчилгээний байгууллагын ажилтнууд хамрагдах юм байна. Тэгвэл Бразил улсын хамгийн олон хүн суурьшсан сан Пауло хотод ирэх оны 1-р сараас эхлэн "Ковид-19" халдварын эсрэг вакцинжуулалтын аяныг ард иргэдийн дунд эхлүүлнэ гэж  мэдэгджээ. Вакцинжуулалтын аянд бүгд найрамдах хятад ард улсын гарган авсан Синовак вакциныг ашиглах юм байна. Тус биотехнологийн компанитай аль хэдийн 46 сая хүн тунг худалдан авах гэрээг бразил улсын эрх баригчид болон мужийн захирагч нар байгуулжээ. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс вакцин гарсан ч тариулах эсэх нь тухайн хүний эрх тул улс орны удирдагч нарт ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалах хүний эрхэд халдахгүй байхыг уриалсан байна.