Америкийн нэгдсэн улсын хүнс, эмийн чанарын хяналтын газар Физер болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бионтех компанийн хамтран гаргаж байгаа "Ковид-19" халдварын эсрэг вакциныг хэрэглэх зөвшөөрлийг өнгөрөгч бямба гарагт олгосон юм. Тус улсын мужуудад цар тахлын эсрэг вакцин нийлүүлэх ажил хэдийнээ эхэлж, өнөөдрөөс эхлэх вакцинжуулалтад хамгийн түрүүнд нэгдсэн улсын эрсдэлт бүлгийн буюу тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд, асрамжийн газрын үйлчлүүлэгчид мөн сурган хүмүүжүүлэгч нар багтаж байгаа юм байна.
"BNT162b2" нэртэйгээр гарч байгаа тус вакцин 95 хувийн үр дүнтэй болох нь 16 болон түүнээс дээш насны 37500 гаруй оролцогчийн талаарх мэдээлэл дээр тулгуурлан батлагдсан гэж эрх баригчид анх 11 сард мэдэгдэж байсан юм. 2 хүн тун вакциныг 3 долоо хоногийн зайтай булчинд хийх бөгөөд -70 цельсийн хэмд тусгай хөргөгчид хадгалах шаардлагатай юм. Яаралтай тохиолдолд ашиглагдах тус вакциныг туршилтын гурван үе шатны үр дүнгийн талаарх тайлан мэдээлэл дээр суурилж онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг олгосон гэж Америкийн нэгдсэн улсын хүнс, эмийн чанарын хяналтын газрын удирдлагууд мэдэгдсэн байна. Эхний ээлжид 2.9 сая орчим хүн тун вакциныг нэгдсэн улсын мужуудад тараах бөгөөд Канад, Их британи, Саудын араб, Мексик, Бахрейн зэрэг улсын эрх баригчид тус вакцинаас худалдан авч, хэрэглэх хүсэлтээ илэрхийлсэн байна.
Одоогоор Америкийн нэгдсэн улс 100 сая хүн тун вакцин худалдан авах гэрээг хийсэн бол Япон улс 120 сая хүн тун, европын холбоо 200 сая хүн тунг худалдан авах гэрээ хийжээ. Харин Америкийн нэгдсэн улсын Физер болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бионтех компанийн эрдэмтэд 2021 оны эцэс гэхэд 1.3 тэрбум хүн тун вакциныг үйлдвэрлэж, дэлхий даяар тараах зорилготой ажиллаж байна.