"Ковид-19" халдварын хоёр дахь давлагаа Европ тивд эрчимжиж эхэлснээр ихэнх орнуудад хөл хорионы дэглэм тогтоож, хязгаарлалтын шинэ арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл дэлхийн зарим орнуудад хөл хорио, хязгаарлалтын ямар дэглэм баримталж байгааг танилцуулъя.
Бүгд найрамдах Итали улсад үндэсний хэмжээнд хэсэгчилсэн хөл хорио тогтоох арга хэмжээ авсан байна. Тодруулбал, "Ковид-19" халдварын тархалт хамгийн их байгаа хэсгийг ногоон бүс, шинэ тохиолдол харьцангуй бага бүртгэгдсэн хэсгийг улбар шар бүс гэж нэрлэсэн бол цар тахлын тархалт хамгийн их хэсгийг улаан бүс гэж нэрлэжээ. Улаан бүсэд кафе, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газруудыг бүр мөсөн хааж үйлдвэр, нэн хэрэгцээт үйлчилгээний газрууд болох эмийн сан, хүнсний дэлгүүрийг нээлттэй хэвээр нь үлдээсэн байна. Харин улбар шар бүсэд зоогийн газар, шөнийн цэнгээний газар хаалттай байх ч үсчин, гоо сайхны газар нээлттэй хэвээр байгаа юм. Ногоон бүсийн тухайд оройны 18 цаг хүртэл зоогийн газар, кафе ажиллах ч итали улсын хэмжээнд музей, театр, кинотеатр, концертын танхим зэрэг урлаг соёлын байгууллага, зугаа цэнгэлийн газруудын үйл ажиллагааг бүрэн зогсоожээ. Түүнчлэн үндэсний хэмжээнд шөнийн 22 цагаас өглөөний 5 цаг хүртэл хөл хорионы дэглэм тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх юм байна. Харин Бүгд Найрамдах Солонгос улсын хэмжээнд зайнаас харилцах хязгаарлалтын түвшнийг танилцуулсан юм.уг хязгаарлалт нь 6 түвшинд хуваагдана, одоогоор нийслэл Сөүл хотод 2 дугаар түвшнийг тогтоосон бол "Ковид-19" халдварын тархалт бага нутаг дэвсгэрт 1 болон 1.5 дугаар түвшин хэрэгжиж байгаа юм. Нийслэл Сөүл хотод ард иргэд бүхий л цаг үед амны хаалт зүүх, зоогийн газар оройны 21 цаг хүртэл ажиллуулах, харин кафе, нарийн боовны дэлгүүр зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх бол нэг дор 50-аас олон хүн цугларахгүй байх зэрэг дүрэм журмыг баримтлах болжээ. Энэ хязгаарлалтын журам энэ оныг дуустал хэрэгжих төлөвтэй байгаа юм. Түүнчлэн өмнөд солонгосын технологи хөгжүүлэгчдийн зүгээс гар утасны байршил тогтоогч ашиглан тухайн хүний байгаа газарт хэдэн хүн "Ковид-19"-ийн халдвар авсан, хаагуур явсан зэрэг мэдээллийг тасралтгүй илгээдэг нь цар тахлын тархалтыг хязгаарлах онцгой ач холбогдолтой гэж үзсэн байна.
Тэгвэл Их Британид "Ковид-19" халдварын тархалт болон өдөрт бүртгэгдсэн шинэ тохиолдлоос хамаарч 3 бүсчлэлд хуваасан. Хэдийгээр тус улс дахь хөл хорионы дэглэм энэ сарын 2-оор дууссан ч бүсчлэлийн арга хэмжээ үргэлжилсэн хэвээр байх юм. Тодруулбал, гурван бүсчлэлийн хүрээнд бүхий л цаг үед амны хаалт зүүх журам хэрэгжиж, хүн ихтэй газар явахгүй байхыг анхааруулсан байна. Тэгвэл 1-р бүсчлэлд "Ковид-19"-ийн халдвар хамгийн цөөн бүртгэгдсэн бүс, нутаг багтжээ. Энэ хэсэгт спорт, урлаг соёлын арга хэмжээнүүдэд 4000 хүртэлх тооны үзэгч цэнгэлдэхэд нэвтрэх боломжтойгоос гадна оройны 23 цаг хүртэл зоогийн газар, кафе зэрэг онгорхой байх юм. Харин 2-р бүсчлэлд амьдарч байгаа иргэд зоогийн газар болон бусад үйлчилгээний газраас хүргэлтээр хоол хүнс худалдаж авах боломжтой ч казино, амьтны хүрээлэн зэрэг үзвэр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байгаа юм. Тэгвэл цар тахлын хамгийн эрсдэлт бүс нутаг буюу 3-р бүсчлэлд амьдарч байгаа иргэд гэрээсээ гарах хориотойгооc гадна сүм, тэмдэглэлт баяр зэргийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалжээ.