БНХАУ: Австралийн нүүрсний нийлүүлэлтэд хориг тавих магадлалтай

Өнгөрөгч 5-р сард Бүгд Найрамдах Хятад ард улс Австрали улсаас нүүрс импортлохоо зогсооно гэсэн анхааруулгыг хүргүүлж, 2020 оны эцэс гэхэд Австралиас импортлох нүүрсний хэмжээг эрс бууруулах болсноо мэдэгдэж байсан юм. Түүнчлэн өнгөрөгч 11-р сард Хятадын эрх баригчид төрийн өмчит цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдэд импортын коксжих нүүрсийг худалдан авахгүй байхыг үүрэг болгож улмаар нүүрс ачсан 60 хөлөг онгоц Бүгд Найрамдах Хятад ард улсын эргийн орчимд нэг сарын турш саатаад байсан юм. Тэгвэл 12-р сарын 14-ий өдөр эх газрын Хятадын төрийн төв хэвлэл анх удаагаа Австралийн нүүрсний импортод хориг тавьсан талаар мэдээлсэн байна.

"Ковид-19"-ийн цар тахал дэгдэж эхэлсэн цагаас эхлэн Австралийн талаас халдварын тархалтад Хятад улсыг буруутгаж, тус улсын эсрэг мөрдөн шалгалтын ажил эхлүүлэхийг уриалсан утга агуулгатай мэдэгдлүүдийг хийж байсан нь Бээжингийн эрх баригчдын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байсан юм. Тэгвэл  хоёр орны дунд үүссэн улс төрийн маргааны улмаас Хятад улс өнгөрөгч 5-р сард нүүрс импортлохоо зогсооно гэж анхааруулж байжээ.

Харин сүүлийн хоёр сар орчмын хугацаанд Австрали улсаас экспортлосон нүүрсийг Хятад улс боомтууд дээрээ хүлээн авахаас татгалзаж, эрэг дагуу 60 хөлөг онгоц гацсан байдалтай байсан юм. Тэгвэл Коммунист намын Глобал Таймс сонинд мэдээлснээр тус улсын үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны албан тушаалтнууд өнгөрөгч амралтын өдөр хятадын гол 10 эрчим хүчний компанийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ Монгол, Индонез, Орос улсаас ямар нэг хатуу хязгаарлалтгүйгээр нүүрс авах эрх өгсөн байна. Ингэхдээ  австралийн нүүрсийг оруулахгүй байх нөхцөл тавьсан талаар мэдэгджээ. Түүнчлэн дээрх 3 улсаас авах нэг тонн нүүрсний үнийг 640 юан буюу 97.8 Америк доллароос хэтрүүлэхгүй байх нөхцөл дээр хамтарч ажиллахыг үүрэг болгосон гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна.

Харин нүүрсний нийлүүлэлтэд хориг тавьсан тухай албан ёсны мэдэгдэл Хятадын талаас хүлээн аваагүй гэж мэдэгдсэн Австралийн худалдааны сайд Саймон Бирмингэмийн зүгээс цахим ертөнцөд тархсан мэдээллийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрээр бид Бүгд Найрамдах Хятад ард улсын талтай шууд ярилцах боломжгүй учраас хоёр улсын дунд үүссэн худалдааны маргааны талаар хэлэлцэх боломжгүй байна гэж мэдэгджээ. Эх газрын Хятадын талаас нүүрснээс гадна Австралийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах,  хориг тавих арга хэмжээг шат дараатай аваад байгаа юм. Тодруулбал, Австралийн улаан буудайд 5 жилийн хугацаатай 6.9 хувийн татвар, импортын үхрийн махны чанарын аюулгүй байдал хангалтгүй гэх шалтгаанаар 8-р сараас эхэлж хилээр нэвтрүүлэхийг зогсоохын зэрэгцээ Австралийн дарсны импортод Демпингийн эсрэг арга хэмжээ буюу вино оруулж ирэх аж ахуйн нэгжид 107.1%-212.1%-ийн барьцаа тавих ёстой гэж шаардлага хүргүүлжээ.

Харин олон улсын судлаачдын зүгээс хоёр улсын харилцаа муудсан ч худалдааны зөрчил одоогоор аль аль талд ноцтой нөлөөлөхүйц биш байна гэж үзээд байна. Хэдийгээр Австралийн талаас татвар ногдуулсан ч Хятадын талд нөлөөлөх боломжгүй,  эсрэгээрээ Хятадын талаас татвар ногдуулбал нөлөө үзүүлэх магадлалтай ч дарс, улаан буудай, үхрийн мах зэрэг бараа бүтээгдэхүүн нь экспортын 1 хувийг эзэлдэг тул сануулга байх магадлалтай гэж үзжээ. Харин Хятад улс руу гаргадаг экспортын 53 хувийг эзэлдэг төмрийн хүдэр, 10 хувийг эзэлдэг нүүрс зэрэгт татвар ногдуулж эхэлбэл Австрали улсад шахалт үзүүлж байна гэж үзэж болох юм. Гэхдээ төмрийн хүдэр нь эх газрын Хятадын хувьд чухал бүтээгдэхүүн учраас татвар ногдуулах магадлал тун бага. Түүнчлэн судлаачдын зүгээс эдийн засаг худалдааны зөрчил улам даамжрах эсэхийг улс төр геополитикийн түвшинд Америкийн нэгдсэн улсын шинэ засаг захиргаа  эх газрын Хятадад явуулах бодлогоос хамаарна гэж дүгнэсэн байна.