Өчигдөр буюу орон нутгийн цагаар үүрийн 3 цагт Америкийн нэгдсэн улсын сонгогчдын коллегийн гишүүдийн саналт хураалт явагдаж, ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан ялалтыг бататгажээ. 1787 онд нэгдсэн улсын 50 мужийн 538 сонгогчдын коллегийн гишүүнээс хамгийн цөөндөө 270 санал цуглуулсан нэр дэвшигч америкийн дараагийн ерөнхийлөгч болох хууль батлагдаж байсан юм. Үүний дагуу, өнгөрөгч арван нэгдүгээр сарын 3-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтын дүнд Жо Байден сонгогчдын коллегийн гишүүдийн 306 саналыг авсан бол, одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп 232 сонгогчдын коллегийн гишүүдийн саналыг авсан нь батлагджээ. Ийнхүү ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нэгдсэн улсын дараагийн ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо. Тэгвэл санал хураалт болсноос 9 хоногийн дотор сонгогчдын коллегийн төлөөлөгчдийн саналыг Америкийн нэгдсэн улсын Конгрессод хүлээлгэн өгч, нэгтгэсний дараа нэгдүгээр сарын 6-ны өдөр Америкийн нэгдсэн улсын дараагийн ерөнхийлөгчөөр Жо Байден болсныг албан ёсоор зарлана. Харин ирэх нэгдүгээр сарын 20-ны өдөр шинэ ерөнхийлөгч тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм. Хэдийгээр Америкийн нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хэд хэдэн муж улсын саналыг дахин тоолохыг шаардаж, нэхэмжлэл гаргасан ч мужуудын шүүх, мөн дээд шүүх хэрэгсэхгүй болгосон юм.