Дэлхий дахинд тархсан "Ковид-19" цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээс болж Ази, Номхон далайн бүсэд энэ онд 81 сая ажлын байр үгүй болсон талаар дэлхийн хөдөлмөрийн байгууллагын шинэ тайланд мэдээлжээ. Энэ үзүүлэлт нь цар тахлын өмнөх үеэс 4.2 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.Түүнчлэн дэлхийн олон улс, оронд аж ахуй нэгж, компаниуд болон хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих нь энэ цаг үеийн хэцүүхэн сорилт болсон талаар энэхүү тайланд онцлон дурджээ. Ажилгүйдэлд эмэгтэйчүүд болон 22 хүртэлх насны залуус хамгийн их өртсөн бөгөөд хүйсээр нь харвал эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт 4.6 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин нийт ажилгүйдлийн 18 хувийг залуус бүрдүүлжээ. Мөн дэлхийн хөдөлмөрийн байгууллагаас эдийн засгийн хүнд нөхцөл байдал, ажилгүйдлийн улмаас энэ оны эцэс гэхэд Ази, Номхон далайн бүс дэх ядуу хүний тоо хамгийн ихдээ 25 саяаар нэмэгдэж, дэлхий дахин дахь нийт ядуу хүний тоо 98 саяд хүрэх магадлалтай талаар анхааруулсан байна.
