"Ковид-19" халдварын мутацид орсон шинэ төрөл өнгөрөгч 9-р сараас эхлэн бүртгэгдэж эхэлсэн. Тэгвэл мутацид орсон шинэ төрлийн вирус Их Британиас гадна Нидерланд, Австрали, Итали зэрэг улс оронд илэрсэн талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч Мария Ван мэдэгджээ. Энэхүү шинэ төрөл нь хүнээс хүнд хурдан халдварлаж, Английн зүүн өмнөд хэсэг болон Лондон хотод илэрч байгаа цар тахлын шинэ тохиолдлын 60 хувийг эзэлж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон байна. Өнгөрөгч 9-р сараас эхэлж бүртгэгдсэн "Ковид-19" халдварын мутацид орсон шинэ төрөл илүү хурдан тархаж, хүнээс хүнд халдварлах чадвартай гэж судлаачид дүгнэсэн ч хүнд хэлбэрээр өвчлүүлдэг гэх ямар нэгэн нотолгоог одоогоор олоогүй байгаа юм. Харин цар тахлын шинэ төрөл ихээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор Их Британийн зарим бүс нутагт хатуу хөл хорионы дэглэмийг тогтоож, европын холбооны орнууд Их Британитай зорчигч тээврийн харилцаагаа түр зогсоох арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал, Нидерландын эрх баригчид нэгдүгээр сарын 1-нийг хүртэл Их Британиас нислэг хүлээж авахгүй байхаар шийдсэн бол Бельги болон Итали улс тодорхойгүй хугацаагаар хилээ хаахаар болжээ. Тус улсуудаас гадна Ирланд, Герман улс Их Британитай 48 цагийн турш агаарын хилээ хааж, Литва, Румын, Болгар, Чех, Швед зэрэг улс хилээ хаах асуудлыг хэлэлцэж байгаа талаар эрх баригчид мэдэгдсэн байна. Харин өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын эрх баригчдын зүгээс тус улсад "Ковид-19" халдварын өөр нэгэн шинэ төрөл бүртгэгдэж, цар тахлын 2 дахь давлагаа эхэлсэн гэж үзээд байгаа юм. Энэ төрөл нь Их Британид бүртгэгдсэнээс өөр байгааг эрх баригчид мэдэгдсэн бөгөөд ямар шинж тэмдгээр хүний биед  илэрдгийг тодруулах ажил явагдаж байгаа юм байна. Хэдийгээр улс орнууд вакцинжуулалтын аяныг эхлүүлээд байгаа ч вакцин нь "Ковид-19" халдварын шинэ төрлийн эсрэг дархлаатай эсэх нь тодорхой бус хэвээр байгаа юм. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн, Америкийн нэгдсэн улсын Физер, холбооны бүгд найрамдах герман улсын Бионтех компанийн хамтран гарган авсан вакцинаа цар тахлын шинэ төрлийн эсрэг үр дүнтэй байгаа талаарх судалгааны ажлыг эхлүүлэхээр болсон байна.