Америкийн нэгдсэн улсын сенатын танхимын гишүүд "Ковид-19" цар тахалд хямарсан эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг батлахаар санал нэгдсэнийг өчигдөр мэдээлсэн. Тэгвэл конгрессын танхим энэхүү хөтөлбөрийг баталж, ерөнхийлөгч Трамп руу гарын үсэг зуруулахаар илгээсэн гэж хууль тогтоогчид мэдэгдсэн байна. Эхний хөтөлбөрийн хэрэгжилт энэ сараар дуусаж байгаа бөгөөд эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөр батлагдахгүй тохиолдолд Америкийн нэгдсэн улсын 12 сая иргэн орлогогүй шинэ оныг угтана гэх тооцоо судалгаа гараад байсан юм. Тэгвэл эдийн засгаа дэмжих эхний хөтөлбөрийг энэ оны гуравдугаар сард 2.4 их наяд ам долларын хэмжээтэйгээр баталж, хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрд 1,200 ам долларын чек, ажлын байраа алдсан иргэдэд долоо хоног бүр 600 Америк долларын дэмжлэг үзүүлсэн юм. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд орлогогүй болсон иргэдийн тоо хоёр дахин буурсан байна. Харин эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрийг 900 тэрбум америк долларын хэмжээтэйгээр баталж, хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрд 600 Америк долларын чек, харин ажилгүй болсон иргэдэд долоо хоног бүр 300 америк долларын тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн жижиг дунд бизнесүүдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг, хүн амын эмзэг хэсэгт үзүүлэх хүнсний тусламж зэргийг багтаасан байна.
