Европын холбоо  хуванцар хог хаягдлын экспортыг хориглолоо

Өнгөрөгч мягмар гарагт Европын холбооноос  ангилаагүй хуванцар хаягдлыг ядуу буурай орнууд руу экспортлохыг хориглох шийдвэр гаргаснаа Европын комиссын хороо мэдэгджээ.  Энэхүү хориг ирэх оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө хортой хог хаягдлыг хэрхэн зохицуулах талаар европын холбоо тохиролцоонд хүрэх шаардлагатай болсон байна.

Бүгд Найрамдах Хятад ард улс 2018 онд хуванцар хаягдлын импортыг хориглосноос хойш энэ төрлийн хаягдлыг Индонез, Малайз зэрэг Азийн орнууд руу тээвэрлэх болсон юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Европын холбоо 2019 онд 1.5 сая тонн хуванцар хог хаягдлыг Турк, Малайз зэрэг орон руу экспортолжээ. Тэдгээр орон руу экспортолсон хуванцар хог далайд хаягдаж байгааг байгаль хамгаалагчид мэдээлсэн байна.

Харин Европын  холбооны байгаль орчны асуудал хариуцсан комиссар Виргиниюс-ийн мэдээлснээр, 2006 оны хуванцар хог хаягдлын тээврийн зохицуулалтын баримт бичигт ядуу буурай орнууд руу ангилаагүй хуванцар хог хаягдлыг экспортлохыг бүр мөсөн хориглох заалтыг оруулахаар болжээ. Энэхүү шинэ дүрэм журмууд нь үйлдвэрлэж бий болгосон хаягдлынхаа хариуцлагыг хүлээх нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд хөгжиж буй орнуудад хөгжингүй орнууд хогоо хаях нь байж боломгүй үйлдэл гэж Европын  холбооны байгаль орчны асуудал хариуцсан комиссар мэдэгдсэн байна. Түүнчлэн жилд дунджаар далай тэнгис рүү 8 сая тонн хуванцар хог хаягдал хаягддаг гэх тооцоо гарчээ. Үүнээс үүдэн далай тэнгис дэх бичил хуванцрын хэмжээ түүхэндээ байгаагүй өндөр гарсныг Их Британийн Манчестерийн их сургуулийн далай судлаачид мэдээлсэн байна. Газар дундын тэнгист явуулсан судалгаагаар тэнгисийн ёроол дахь нэг шоо дөрвөлжин метр тутамд 1.9 сая бичил хуванцар агуулагдаж байна гэх тоо баримт гарчээ. Хуванцар нь усанд задралгүйгээр хэдэн зуун жилийн турш бичил хэсгүүд болон тархдаг байна. Үүнээс зөвхөн нүдэнд харагдах төдий буюу далайн усанд хөвөн гарч ирсэн, эсвэл эрэг рүү түрэгдсэн хог хаягдлууд нь нийт хог хаягдлын нэг хувь гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Харин үлдсэн 99 хувь нь хаана агуулагддаг нь нарийвчлан тогтоогдоогүй байгаа ч ,далайн амьтад тодорхой хэсгийг нь залгидаг бол харин үлдсэн хэсэг нь далайн ёроолд тунан үлддэг гэсэн таамаглал байгаа юм. Мөн энэ байдлаараа байвал 2034 он гэхэд далай тэнгис рүү хаядаг хуванцар хаягдлын тоо 640 сая тоннд хүрэн магадлалтайг Их Британийн далай судлаачид анхааруулжээ.