Өнгөрөгч бямба гарагт Их Британийн эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс гаргасан тайланд Бүгд Найрамдах Хятад ард улс 2028 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох төлөвтэй байна гэж мэдээлжээ. Уг тайланд тус улс нь дэлхий дахинд тархсан "Ковид-19" халдварыг Америкийн нэгдсэн улс болон Европын холбооны гишүүн орнуудаас илүү хурдан хугацаанд даван туулж байгаа нь эдийн засгаараа тэргүүлэх томоохон нөхцөл болж байгааг онцолсон байна. Түүнчлэн эх газрын хятад 2023 онд хамгийн өндөр орлого бүхий эдийн засагтай орон болж, бүгд найрамдах энэтхэг улс 2030 он гэхэд дэлхийд эдийн засгаараа гуравдугаарт жагсах төлөвтэй байгааг тус тайланд онцлон тэмдэглэсэн байна. Хэдийгээр Бүгд Найрамдах Хятад ард улс "Ковид-19"-ийн цар тахалд дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд нэрвэгдсэн боловч эдийн засаг нь түргэн хугацаанд сэргэж байгааг тус улсын засгийн газрын мэдээлэл харуулж байгаа юм. Иймээс Европын орнууд болон дэлхийн хөгжингүй орнууд Ази тивд болж байгаа үйл явдлуудад илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэж Их Британийн эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс гаргасан тайланд дурдсан байна.
![2028 онд БНХАУ дэлхийн хамгийн том Эдийн Засагтай орон болно](https://cdn.greensoft.mn/uploads/site/474/post/new_bc3903c6a2158f66ce85cb296ff10c48c247aa3e.jpg)